Сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн зарим суманд ажиллав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-06 15:38:50

Төв /МОНЦАМЭ/. Барилга хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар тэргүүтэй албаныхан Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сумын удирдлагуудтай уулзаж тус сумдын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тодруулбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдахаар төлөвлөгдөөд буй “Сумын төвийн хөгжил” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нарын хамтаар орон нутагт ажиллаж байгаа аж.

Энэ үеэр сайд болон албаныхан  “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтцийн ажлуудтай танилцаж, ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь үзэж, харьцуулалт хийж, санал солилцлоо. Мөн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй албаныхан тус аймгийн Батсүмбэр, Борнуур, Лүн сумын удирдлагуудтай уулзаж, “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтцийн ажлуудтай танилцаж, цаашид сумдыг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, шинээр хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Сумын төвийн хөгжил” хөтөлбөрийн талаар ярилцжээ. 

Холбоотой мэдээ