Дэлхийн банк Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-08-06 18:33:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк нийслэл Улаанбаатар хоттой "Цэвэр агаар" төслийг амжилттай хэрэгжүүлснийг тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев өнөөдөр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалантай уулзах үеэр онцлов. 

Тэрээр, цаашид арьс шир боловсруулах байгууламжийг сайжруулах болон Улаанбаатар хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай буйгаа илэрхийллээ. "Төслийн судалгааны ажлууд хийсэн. Судалгааны тайлангуудыг нийслэлийн холбогдох газруудад өгсөн. Энэ төсөл хэрэгжихэд нийслэлийн дэмжлэг их чухал” гэдгийг онцолж хэллээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн банктай Улаанбаатар хот урт хугацаанд түншилж ирсэн. Монгол Улс эдийн засгийн хүнд үед ороход ч гол түнш нь байсаар ирсэнд талархалтай байдаг. “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл” нь агаарын бохирдлыг бууруулах ажилд чухал нөлөө үзүүлсэн. 


Хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төслүүд ард түмний санал, хэрэгцээнд тулгуурласан байдгаараа давуу талтай. Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах, арьс шир боловсруулах байгууламж, хотын авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг дээшлүүлэх төслүүд бүгд чухал учраас амжилттай хэрэгжүүлэх талд нийслэл бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана" гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, анхаарах асуудлаар дахин мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ