Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-06 19:21:13

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийг мал амьтны гоц халдварт өвчингүй, вакцин хэрэглэдэггүй “эрүүл бүс”-ээр баталгаажуулах талаар Монгол Улсын бодлого, зорилт хэрэгжиж байна.

Үүнтэй холбогдуулан орон нутагт мал амьтны гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үе шаттай ажил өрнөж байна. Тухайлбал, ирэх 2021 оны долоодугаар сарын 5-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд зүүн болон төв, хангайн бүсийн аймгаас худалдаа хийх, үржлийн бусад зориулалтаар мал авч Ховд аймагт нэвтрүүлэхийг хориглов.   

Тус шийдвэрийг аймгийн Засаг даргын 2020 оны А/351 дугаар захирамжид тусгасан бөгөөд бүх аймаг, сумын Мал эмнэлгийн тасаг, нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.

Иймд зүүн, төв, хангайн бүсийн аймаг, нийслэлээс Ховд аймаг руу мал амьтан тээвэрлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Мөн одоогийн байдлаар мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй, хүлээн авахгүй байгаа аж.  

Үүнээс гадна Хөвсгөл, Завхан, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгийн аймгаас тус аймагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийхэд “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн долоодугаар зүйлийн 7.4 дэх заалт, Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах” журмын дагуу мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, лабораторийн шинжилгээнд хамрагдсан, нэгдсэн системд бүртгэгдэж, баталгаажсан гэрчилгээтэй байхыг зөвлөв. Энэ тохиолдолд мал амьтныг аймаг, сумдын улсын байцаагчийн хяналтын дор Ховд аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлнэ гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Мөн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, тархвар зүйн судалгааг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ