Вьетнам БНХАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-07 13:25:09

ХАНОЙ. /Nhan Dan/. БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Спратли арлууд орчимд Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц, цэргийн нисэх хүчнийг оролцуулсан сургууль явуулахыг Вьетнам эрс эсэргүүцэж байна хэмээн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ле Ти Ту Ханг мэдэгджээ.


Спратли арлууд орчимд БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, цэргийн нисэх хүчнийг оролцуулсан цэргийн сургууль 8 дугаар сарын 2 болон 4-нд болсон тухай мэдээлэлд БНСВУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тайлбар өгөхдөө, Хятадын хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч боломгүй гэжээ.


“Вьетнам эдгээр сургуулийг эрс эсэргүүцэж байна. Иймэрхүү үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгис дэх энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус болохгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ. Спратли арлууд болон түүнтэй зэргэлдээ орших Параселийн арлууд нь Вьетнамын салшгүй хэсэг гэдгийг тэрбээр мөн сануулан дурдсан байна. 


Спратли арлууд болон Параселийн арлууд нь Өмнөд Хятадын тэнгист хурцадмал байдал үүсэх шалтгаан болсоор олон жилийн нүүрийг үзжээ. Эдгээр нутаг дэвсгэрийн харьяаллын талаарх маргаанд гол оролцогчид нь Вьетнам болон БНХАУ юм. Тэднээс гадна Бруней, Малайз, Тайвань, Филиппин улс маргаанд оролцдог байна. Арлуудын үнэт зүйлс нь Энэтхэгийн болон Номхон далайн тэнгисийн маршрутын уулзвар дээрх стратегийн байрлалаас гадна газрын тос, эрдэс түүхий эдийн ихээхэн нөөц төвлөрсөн байдгаараа тодорхойлогддог байна. 

Холбоотой мэдээ