Гадаад худалдааны тэнцэл 846 сая ам.долларын ашигтай гарчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-07 17:00:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 7 сарын дүнгээр 6730.7 сая ам.доллар болж 2019 оны мөн үеэс 1348.0 сая ам.доллар буюу 16.7 хувиар буурчээ.


Экспортын дүн импортын дүнгээс 846.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан байна.


Эхний 7 сард экспортод 3788.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурав.


Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 65.1 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах бараа 28.5 хувь, арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 0.2 хувь, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 3.8 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.6 хувийг бүрдүүлжээ.


Дээрх хугацаанд Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 68.0 хувь, Швейцарт 25.7 хувь, Их Британид 2.0 хувь, Сингапурт 2.0 хувь тус тус ногдож нийт экспортын 97.7 хувийг дээрх орнууд эзэлж байна.


Эхний 7 сард 2942.0 сая ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2019 оны мөн үеийнхээс 565.2 сая ам.доллараар буюу 16.1 хувиар буурсан байна.


Импортын нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 21.0 хувь, эрдэс бүтээгдэхүүн 19.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 455.6 сая ам.доллар буюу 80.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 12.7 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 15.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 10.2 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 7.0 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт импортын 85.9 хувийг хамарчээ.


Манай улс дэлхийн 131 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос ОХУ-д 27.0 хувь, БНХАУ-д 34.9 хувь, АНУ-д 4.9 хувь, Япон-д 8.0 хувь, БНСУ-д 4.4 хувь,  ХБНГУ-д 3.5 хувь ногдож нийт импортын дүнгийн 82.7 хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ