Говь-Алтай аймгийн Алтай хот дахь хөшөө дурсгалууд

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-08-08 09:31:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Алтай хотод уугуул нутгийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн төр нийгмийн зүтгэлтэн болон нэн ховор амьтдын хөшөө дурсгалууд олонтаа бий.


Тухайлбал, Алтай хотын төв талбай нь 1945 оны чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн давааны Японы бэхлэлтийг дайран эзлэх үед амь насаа үл хайрлан цэргийн үүргээ биелүүлэн дайсны гал доор тасарсан холбооны утсаа амаараа зуун анги нэгтгэлийн хоорондын харилцааг ханган, алтан амиа алдсан Монгол Улсын баатар Жанчивын нэрээр нэрлэгдсэн байна. Түүнийг 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Мөн талбайд холбооны дамараа барин буугаа мөрөвчилсөн Жанчив баатарын гэрэлт ирээдүйн төлөө урагш алхаж байгаа хөшөө сүндэрлэж байдаг.

Дуунд зориулсан хөшөө

Үүнээс гадна Жанчивын талбай дах бас нэг онцлог дурсгал нь Баруун монгол, тэр тусмаа Алтай нутгийн бахархал болсон Алтайн нуруунд зориулан Монголын хөгжмийн зохиолч яруу найрагч нарын шилдэг бүтээл болох "Зулай цагаан Алтай" дууны хөшөө аймгийн Төрийн захиргааны ордоны өмнө 2003 онд сүндэрлэжээ. Энэхүү нийтэд ихэд түгэн алдаршсан Алтайн магтаал дуунд зориулсан хөшөө нь Монгол улсад дуунд зориулан босгосон хоёрдах хөшөө юм. 



Дархан аваргын хөшөө

Алтай нутгаас төрөн гарсан Монгол Улсын Дархан аварга Шаравын Батсуурийн хөшөө тус аймгийн Биеийн тамир, спортын газрын өмнө сүндэрлэдэг. Тэрээр Жаргалан сумд 1922 онд төрсөн бөгөөд багаасаа адуу малтай ноцолдож гар хөл нь чангарсан байна. Ш.Батсуурь 17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд түрүүлсэнээр бөхийн гараагаа эхэлжээ. 20 хүрэнгүүтээ аймгийн наадамд зодоглон Арслан цолонд хүрсэн байна. 1947 онд анх удаа улсын баяр наадамд барилдаад босоо үлдэж Улсын арслан, дараагийн зун дахин түрүүлж Улсын аварга цолонд хүрчээ. Тэрбээр улсад хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөгөөд 1957 онд дархан аварга цол хүртсэн. Улсын наадамд 15 удаа шөвгөрсөн ховор амжилтын эзэн учир Алтай нутгийн зон олны бахархалт хүчтэн билээ. 

2005 онд түүний 80 насны ойгоор Говь-Алтай аймгийн төв Алтай хотын Биеийн тамир, спортын газрын өмнө хөшөөг нь босгож, дурсгалыг нь мөнхжүүлсэн байна. 

Их зохиолчийн түүхэн хөшөө

Говь-Алтай аймгийн хэмжээнд их зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд түүний үйлс бүтээлийг мөнхжүүлэхээр 2017 онд  Их зохиолчийн нэрэмжит 12 жилийн хоёрдугаар сургуулийн үүдэнд хүрэл хөшөөг нь босгосон юм. Уран барималч МУСТА Б.Говьсайханы урлан бүтээсэн уг хөшөө 85 сая төгрөгний өртөгтэй бөгөөд иргэд, ард түмний хандив дэмжлэгтэйгээр бүтсэн байна.

Чадраабалын Лодойдамба Төрийн хошой шагналт (1917-1970) нь Монголын зохиолч байв. Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ. Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, солонгос, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр удаа хүртсэн юм. Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна.

Улс төрийн зүтгэлтний хөшөө

Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунцагийн Жасрай агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хүрэл хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2011 онд байгуулжээ. 

П.Жасрай нь 1933 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр 1950 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын долоон жилийн дунд сургууль, 1961 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-Статистикийн дээд сургуулийг төгсчээ.

Тэрээр 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цолтой Монгол Улсын төр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн нэг байсан юм. Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багшаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. П.Жасрай нь Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулж, Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн.

Ховор амьтны хөшөө

Говь-Алтай аймаг Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр аймгийнхаа төвд 2017 оны зургаадугаар сард Мазаалайн хөшөөг босгожээ.

Мазаалай Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан бөгөөд Говь-Алтай аймгийн "Бахархалт амьтан"-аар нэрлэгдсэн юм.

Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг учир Монгол хүн бүрийн бахархалт амьтан юм. Ббайгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэн дэлхий дахинд сурталчлах зорилгоор энэхүү хөшөөг босгосон байна. 

Мазаалайн тоо толгой бага. Тэд Говь-Алтайн өргөн уудам, уулархаг газраар нутаглан амьдардаг учир биологчид  зэрлэг говьд одоогоор хэдэн баавгай амьдарч байгаа тодорхой тоо тогтоох боломжгүй байна. 50 жилийн өмнө судлаачид ойролцоогоор 15 – 20 орчим мазаалай амьдарч байгаа тухай мэдэгдсэн байдаг. Тэр үеэс эхлэн мазаалайн тоог тогтоох зорилгоор дэвшилтэт аргуудыг ашиглан судалгаа явуулсаар ирсэн. Цогт сумын Говийн их дархан цаазат газарт дэлхийд нэн ховордсон амьтан болох мазаалай, хавтгай цөөн тоогоор бий. Судалгаагаар найман эм, 14 эр нийт 22 толгой мазаалай үлдсэн гэж тогтоосон байдөг бөгөөд Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайн Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байна. 

Аймгийн 9 гайхамшгийн хөшөө

Алтай хотын өнгө үзэмжийг сайжируулах, аялал жуулчлалыг хөгжүүлж эх нутгийн нутгийн ирээдүй болсон хүүхэд залуусдаа үүх түүхээ таниулах зорилгоор Говь-Алтай аймгийн түүхэн дурсгал "Аймгийн 9 гайхамшиг"-ийн нэг "Хүрэл морь /MЭӨ III-YII/" -ны хөшөөг 2017 онд босголоо.

Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ III-VII зуунд хамаарагдах уг хүрэл морийг  Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авчээ.

Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон, нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй бүтээгдсэн нь сонин содон харагдаж байлаа. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан удаатай билээ.