“Шидэт цүнх-2020” зөв үйлсийн аян эхэллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-12 14:03:53

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн залуус ТББ"-аас "Шидэт цүнх-2020 " зөв үйлсийн аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Тус аян энэ жил 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Төв аймгийн залуус ТББ"-ын залуучууд 27 сумаараа тойрон аяллах ба тухайн хугацаанд цугласан нийт хандив сурагч, дүү нарт цүнх, хичээлийн хэрэгсэл болон хүрэх аж.

Түүнчлэн энэ жилийн аяны онцлог нь 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаад "Ковид-19" цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаанд бүрэн хамрагдаж чадаагүй зарим хүүхдүүдийг хичээлийн хоцрогдол арилгах түргэвчилсэн сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна. 

Иймээс аймгийнхаа  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сум орон нутгийн залуус, сайн санаат ах, эгч нар, сайн дурынхныг нэгдэж, зөв үйлсийг хамтдаа бүтээхийг уриалжээ.

Ташрамд,  2017-2019 онд "Шидэт цүнх" зөв үйлсийн аянд Төв аймгийн 27 сумын 46 байгууллагын хамт олон болон 800 гаруй хүмүүс сайн дураараа нэгдэж, 300 гаруй хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна. Тиймээс энэ жил мөн адил "Шидэт цүнх-2020" аянаар 27 сумынхаа  сурагч, дүү нартаа итгэл, урам зориг бэлэглэх хүсэлтэй байгаагаа тус байгууллагын залуус илэрхийллээ. 

Холбоотой мэдээ