Засаг дарга нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарал хандууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-08-14 19:19:29
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажилчидтай уулзалт хийлээ.
Тэрбээр Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийн удирдлагуудад үүрэг өглөө.
Аймгийн Засаг дарга нэн тэргүүнд Халдвартын эмнэлэгт байрлах тусгаарлах байртай танилцав. Эмнэлгийн үйлчилгээ хэвийн горимд ажиллаж байгаа ч гадна пасад ховхорсон, хана тааз, цонхноос салхи сийгэж, дулаан алдагдаж засвар шаардлагатай байгааг эмч нар дуулгалаа. Аймгийн Засаг дарга тусгаарлах байрыг бэлдэж, 24 цагаар жижүүрлэж, долоон сарын турш тогтмол ажиллачихаад томуу, цар тахлын дэгдэлтийн үед сэрэмж алдахаас болгоомжилж, хариуцлага алдахгүй байхыг анхаарууллаа. Энэ үеэр тэрбээр Халдвартын тасагт шаардлагатай, олон жил яригдсан “вакцин хадгалах хөргөгч”-ийг нэн даруй шийдвэрлэж өгөхөөр болов.
Түүний дараа Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн үйлчилгээ, дүрс оношилгооны аппараттай танилцаж, эмнэлгийн эмч, ажилчидтай хоёр удаагийн уулзалт хийлээ.
Уулзалтаар Ковид-19 цар тахлын үед хариуцлагатай ажиллаж байгаа, орон нутагт өндөр хэмжээний мэс ажилбар хийсэн зэрэг эмч ажилчдын ур чадварыг сайшаалаа. Мөн өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай холбоотой гомдол тэмцэл хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн, одоо энэ байдлыг эцэс болгохыг үүрэгдлээ. Эмнэлгийн бүх ажилчид, удирдлагууд хуулийн хүрээнд сахилга хариуцлагатай, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, Хэнтий аймгийн 77 мянган хүний эрүүл мэндийг хамгаалах үүргээ ухамсарлаж, нэгдсэн зохион байгуулалтад орж, шинэ удирдлагуудаа дэмжиж, захирах захирагдах ёсонд үйлчилж, ёс зүйтэй ажиллахыг тэрбээр хүслээ. Нэгдсэн эмнэлгийн дарга н.Оюунгэрэлд ёс зүйтэй байж, хамт олноо манлайлан удирдан зохион байгуулж, аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн нэр төрийг өндөрт өргөж ажиллахыг үүрэг болгов. Эмч, ажилчдаас гарсан саналыг хүлээн авч, нэгдсэн эмнэлгийн 400 гаруй сая төгрөгийн алдагдал, мэс заслын ор, засварын ажлыг шат дараатай шийдвэрлэхээ илэрхийлэв.
Холбоотой мэдээ