АНУ, Монголын хооронд шууд нислэг үйлдэх боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-14 10:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг өчигдөр хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар Монголын талаас АНУ-д тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, авто замын засвар арчлалтын шинэ технологийг Монголд нутагшуулах, Монгол Улс, АНУ-ын хооронд үйлдэх шууд нислэгийг тогтмолжуулах, хуучин нисэх буудлыг зориулалтаар нь ашиглах, агаарын хөлгийн парк шинэчлэлт, хот төлөвлөлт, тээвэр зохион байгуулалт зэрэг зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Элчин сайд М.Клечески, төмөр замын чиглэлээр анхаарч ажиллахаа тодотгоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслүүд нь том хэмжээний төслүүд учир тодорхой оролцоотой, хамтран ажиллах нөхцөл боломжийг судлан үзэхээ илэрхийллээ. 


Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх талаар олон жилийн турш ярьж ирсэн ч ажил хэрэг бололгүй өдийг хүрч, "COVID-19" цар тахалтай холбоотойгоор АНУ дахь Монгол Улсын иргэдээ татан авах зорилгоор 2 удаагийн шууд нислэгийг амжилттай гүйцэтгэсэн нь энэ ажлыг сайтар бэлтгэл хангасны үр дүн. Тиймээс хоёр орны хооронд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтойг онцоллоо.


Сайд Л.Халтар Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй шинэ төмөр зам, олон улсын шинэ нисэх буудал, дамжин өнгөрөх тээвэр, авто замын томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа. “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК АНУ-ын зүтгүүрийг олон жилийн өмнөөс ашиглаж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн цаашид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын төсөлд АНУ-ын зүтгүүрийг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Үүний сацуу тэдгээрийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр хөдлөх бүрэлдэхүүний парк хэт олон төрөл байх нь ашиглалтын явцад хүндрэл үүсгэдэг болохыг тодотгоод энэ тал дээр мэдээлэл солилцон, хамтран ажиллахыг хүслээ.


Холбоотой мэдээ