Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-08-20 18:15:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн багтай хамтран тус аймагт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгуулж, нээлтээ хийлээ.

Аймгийн удирдлагууд, бизнесийн ТББ-ууд, залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн талаарх шинэ ойлголтыг өгөх, “Старт-ап” буюу Залуучуудын гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой “Дундговь аймгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт, үнэлгээ” сэдэвт сургалт болон лекц зохион байгуулжээ.

Гарааны бизнесийг дэмжих талуудыг чадавхижуулах сургалтын үеэр ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Цэрэнбаатар, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн захирал Т.Энхтуяа,  аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар үг хэлж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үндэсний зөвлөх М.Галсансар төслийн үйл ажиллагаа ба гарааны бизнесийн дэмжих үйл ажиллагааны тухай танилцуулжээ. Мөн “Старт-ап Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат “Шинэлэг гарааны бизнесийн тухай болон гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэл, үндсэн үйл ажиллагаа, оролцоо, санаачилгын тухай” мэдээлэл хийжээ.

“Старт-ап” буюу Гарааны бизнес нь богино хугацаанд өндөр өсөлт авч ирэх менежментийн шинэ хэлбэр ба энэ нь аймаг орон нутаг гэлтгүй улс орны хэмжээнд өндөр хөгжил, дэвшлийг бий болгох үйл ажиллагаа юм.

Сургалтанд оролцогчид Дундговь аймагт гарааны бизнесийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд оролцогч талуудын хамтын ажиллагаа, сургалт, мэдээлэл, сэдэлжүүлэх ажлууд болон хууль эрх зүйн орчин буюу аймгийн дэд хөтөлбөр боловсруулан гаргах шаардлагатай хэмээн оролцогчид тодорхойлсон байна. Гарааны бизнесийн таатай орчин нь хүмүүсийн авьяас, чадвар, нягтрал буюу дэд бүтэц, түүнийг хөгжүүлэх соёл, санхүүжилт, хууль эрх зүйн орчин гэсэн таван зүйлээс хамаардаг ажээ. Энэхүү загвар төвийн нээлтийн  үеэр мөн залуучуудыг сэдэлжүүлэх, мэдлэгтэй болгох зорилго бүхий  лекц зохион байгуулж, 90 гаруй залуучууд, бизнес эрхлэгчид оролцсон байна.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: -“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв” нь залуучуудын шинэлэг сэтгэлгээг хөгжүүлж, тэдний мэдлэгийн хүрээг тэлж, ирээдүйд аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, өнгө төрхийг өөрчлөх их ажлын эхлэл болж байна" гэж төвийн үйл ажиллагаанд амжилт хүсчээ.

Холбоотой мэдээ