Хар тэрмисийн амралтад амарч буй ахмадууд сэтгэл дундуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-21 11:09:06

Увс /МОНЦАМЭ/. Хяргас нуурын хөвөөнд байрлах Хар тэрмис амралтын газарт амарч буй ахмадууд сэтгэл дундуур байна. Тус амралтын газарт ахмадууд хөнгөлттэй үнээр амардаг бөгөөд нэг хүн өдөрт 30 мянга, долоо хоногт 210 мянган төгрөг төлж амардаг аж. Үүнээс 140 мянгыг нь төрөөс даадаг бол үлдсэн 70 мянган төгрөгөө ахмадууд өөрсдөө төлдөг байна.

Гэтэл тус амралтын газрын ахмадуудыг хүлээж авдаг модон байшингууд нь хуучирч элэгдсэн тул тав тух муутай, бас дээр нь цэвэрлэгээ үйлчилгээ тааруухан байгаа талаар амрагчид нь гомдоллож байв.

“Хар тэрмис амралтын газрын хоол ундны тал дээр бол асуудал алга. Бид настай хүмүүс тул бага иддэг. Харин байр сууц нь их тухгүй юм. Өрөөнүүд нь дээр үеийн төмөр ортой бөгөөд бүгдээрээ шахам пүрш нь суначихсан, бас энд тэндээс олж гагнаж нийлүүлсэн бололтой их л хэврэг юм. Гудас, хөнжлийн талаар бол ярилтгүй, үнэхээр бохир.

Энэ том амралтын газар ганцхан цэвэрлэгчтэй, тэр нь ажлаа дийлэхгүй байна. Хэрвээ гэр орноосоо хөнжил гудсаа даавуутайгаа аваад ир гэсэн бол бид аваад л ирнэ шүү дээ. Үүнээс гадна тог цахилгааны залгуур, унтраалгын утас зэрэг нь ил гарчихсан, галын аюул гарахад ойрхон байна. Уг нь бол энэ амралтын газар орлого сайтай л байгаа байх. Нэг мужаанаар хэдэн ор, сандал, ширээ хийлгэж тавиад хулдаас дэвсчихэд ядах юмгүй шүү дээ. Гэтэл байхгүй шүү. Аймгийн төвийн айл амьтны хаясан тавилгын хогийг цуглуулж ирээд тавьчихсан юм уу гэмээр байх юм. Үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн амрагч мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ