Луизиана, Пуэрто-Рикод онцгой байдал тогтоожээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-08-24 10:56:34

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Луизана муж улсын эрэг рүү “Марко” хар салхи, “Лаура” далайн шуурга ойртож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч Дональд Трамп онцгой байдал тогтоолоо гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


““Марко” хар салхи болон “Лаура” далайн шуургыг АНУ-ын засаг захиргаа анхааралтай ажиглаж байна. “Марко” хар салхи Луизана муж улсад маргааш /даваа гараг/ хүрэх бол “Лаура” хоёр хоногийн дараа дайрна” гэж Америкийн удирдагч мэдэгдсэн байна.


Нэг муж улсыг ийм богино хугацаанд хоёр хар салхи дайрах гэж буйг Трамп урьд хожид үзэгдээгүй гамшиг гэв. “Байгалийн гамшиг Мексикийн буланд, мөн Пуэрто-Рикод ихээхэн хохирол учруулж болзошгүй байна. Би Пуэрто-Рико болон Луизанад онцгой байдал тогтоохыг зөвшөөрсөн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. Онцгой байдал тогтоосноор Америкийн засаг захиргаанаас муж улсын эрх баригчдад байгалийн гамшгийн уршгийг арилгахад Холбооны улсын тусламжийг хуваарилах боломжтой болох юм.


АНУ-ын Хар салхины ажиглалтын үндэсний төвийн мэдээлснээр, "Марко" хар салхины хурд секундэд 33 метр хүрнэ. Уг хар салхи цагт 20 км-ын хурдтай Америкийн эрэг рүү ойртож байгаа аж. Харин "Лаура" халуун орны шуурганы хурд секундэд 26 метр хүрэх бөгөөд цагт 33 км-ийн хурдтай АНУ-ын эргийг чиглэн урагшилж байна.


Холбоотой мэдээ