Х.Баттулга: Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-24 14:03:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг эхчүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэг байгаа юм.



Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянгол дүүргийн эхчүүдэд “Эхийн алдар” одонгийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр, "Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм. “Эхийн алдар” одон Та бүхний үр хүүхэддээ гаргасан сэтгэл, хайр энэрлийн нэг хувьтай ч тэнцэхгүй байх. Гэхдээ үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа. Эдгээр ээжийн дотроос хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэгийг энд онцлон тэмдэглэж, баяр хүргэж байна. Бидний амин эрдэнэ, хамгийн үнэт баялаг болох хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан. Цаашид ч санаачилж, УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” хэмээсэн юм.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.



Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10 677, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9 957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.


Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эхчүүдэд “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа. Ингэхдээ коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ