Бүсийн сургалт Дундговь аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-08-24 20:42:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” зүүн бүсийн сургалт өнөөдөр Дундговь аймагт эхэлж, долоон аймгийн 60 гаруй төлөөлөгчид оролцож байна.

2019-2021 онд Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бүсийн энэхүү сургалт нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон төрийн бус байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зорилготой ажээ.

Сургалтаар жендерийн хамтрагч талуудад оролцооны үндсэн дээр хяналт шинжилгээ,үнэлгээ хийх болон олон нийтийн мэдээлэл харилцааны тухай мэдээлэл өгч, дадлага ажлаар аймгийнхаа хэмжээнд жендерийн тулгамдаж буй асуудал хэрэгцээгээ тодорхойлон, хяналт үнэлгээ хийх, олон нийтэд мэдээллээ бэлтгэж хүргэх, нөлөөлөх чадвар эзэмшиж байна.

Энэ үеэр  Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр Дундговь аймгийн Жендерийн салбар хорооны гишүүдтэй уулзаж, Жендерийн асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ