“GLASS”: Олонд танигдаж яваа жүжигчин Гана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН. /The Glass/. Монголын жүжигчин Баярсайханы Ганчимэг буюу Ганагийн "GLASS" сэтгүүлд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Гана Нобелийн шагналт зохиолч Ж.М.Кутзеегийн 1980 онд туурвисан романаас сэдэвлэсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд Марк Райланс, Жонни Депп, Роберт Паттинсон нарын хамтаар тоглосноор олонд танигдаж эхэллээ. 2019 онд Венецийн кино наадмын үеэр энэхүү кино дэлгэцнээ гарахад хүн бүрийн харц хамгийн хэцүү дүрийг бүтээсэн Гана дээр тусаж байлаа.
“Ex-Machina” /2014/, “Ben-Hur” /2016/, “Wonder Woman” /2017/ зэрэг кинонд дүр бүтээсэн тэрбээр “Peaky
Blinders” цуврал киноны сүүлийн
бүлэгт тоглосныг мөн дурдах нь зүйтэй. Эдгээрээс харахад түүний кино урлагийн
салбар дахь ер бусын карьер дөнгөж эхэлж буй нь тодорхой байна.
Гана өөрийн
карьерээ загвар өмсөгчөөр эхлүүлсэн бөгөөд жүжигчин болохоор бэлтгэж эхлэх
шийдвэрийг гаргахаасаа өмнө загварын олон сэтгүүлд гарсан байна. Харин сүүлд түүний зүрх сэтгэлд загвар өмсөгчөөс илүүтэйгээр жүжигчин болох хүсэл эрмэлзэл оргилох болжээ.
Энэ онд Гана “Sky” сувгийн “Intelligence” инээдмийн шоуны гол дүрүүдийн нэг болох Тувагийн
дүрийг авч, Дэвид Швиммер, Ник Мохаммед нарын хамтаар тоглосон нь тэрбээр
зөвхөн драмын жанраар хязгаарлагдахгүй, олон дүрд хувирах чадвартай жүжигчин гэдгээ
батлан харуулсан байна.
Энэхүү ярилцлагаа
Монголд байсан үеийн тань талаар эхлүүлье. Таныг хэн болохоо тодорхойлоход бага
нас тань хэрхэн нөлөөлсөн бэ?
Би сургуульд
байхдаа зуны амралтаа хөдөө амьдардаг эмээгийндээ өнгөрүүлдэг байлаа. Эмээ
маань нүүдэлчин хүн бөгөөд бид гэрт амьдарч, эмээдээ мал маллахад нь тусалдаг
байсан. Биднийг бага байхаас маань байгаль дэлхийгээ хүндэтгэхийг сургасан. Монголчуудын
хувьд байгальтайгаа холбоотой байх нь маш чухал бөгөөд энэ бүхнийг би бүхий л
амьдралынхаа турш санаж явдаг.
Эмээ минь бүдэрч
унасан ч босож зогсоод, хувцсаа засаад, үргэлжлүүлэн алхах хэрэгтэй хэмээн хэлдэг
байсан нь өдий зэрэгт хүрэхэд тусалсан юм. Энэ үг надад алдаа бүхэн ахиж дэвшихийн
үндэс гэдгийг сануулдаг. Зүрх сэтгэлдээ би одоо ч, цаашид ч Монгол хүн, орчин
үеийн нүүдэлчин байх болно.
Та жүжигчин
болохоосоо өмнө загвар өмсөгч байсан. Загварын салбарт хэрхэн хөл тавьж байв?
Би өөрийгөө зөв
газраа зөв цагтаа байсан гэж боддог юм.
Та жүжигчин
болохыг мөрөөддөг байв уу аль эсвэл загвар өмсөж байх үедээ ийнхүү шийдэв үү?
Би багаасаа уншсан
ном, үзсэн киногоо ургуулан бодох дуртай хүүхэд байсан. Харин сүүлд загвар өмсөж
байх хугацаанд зар сурталчилгаа, дууны клипний дүрийн олон шалгаруулалтад оролцох
шаардлагатай болсон нь надаас жүжиглэх ур чадварыг шаардаж эхэлсэн юм.
Эхэндээ энэ бүхэн
миний хувьд хүнд санагдаж байсан боловч би өөрийгөө дайчилж, бэлтгэл хийж
эхэлсэн. Тун удалгүй жүжиглэхээс өөр зүйл сонирхлыг минь татахаа байсныг мэдсэн
юм. Жүжиглэж эхэлснээр би өөрийгөө бүрэн таньсан гэж хэлж болно. Ингээд би
жүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцаж, энэ хугацаандаа “Ex Machina” зэрэг кинонд тоглож, шинэ ур чадварт
суралцсан.
Загвар өмсөгчөөс гараагаа
эхлүүлж, жүжигчин болсон таны хувьд энэ хоёр мэргэжлийн төстэй талууд юу байв?
Энэхүү хоёр
мэргэжлийн хувьд хэд хэдэн төстэй тал ажиглагдсан. Жүжиглэх, загвар
өмсөх үед аль алинд нь хэн нэгний дүрд хувирах шаардлага үүсдэг. Тодруулбал,
загвар өмсөх үед хувцсаа бусдад хүргэх, жүжиглэх үед аливаа түүхийг үзэгчдэд
хүргэх үүрэг хүлээдэг. Аль ч мэргэжлийн хувьд дүрийнхээ амьдралыг бусдад хүргэх
ур чадвар шаардагддаг гэсэн үг. Мөн загвар зохион бүтээгч, найруулагч, зохиолчийн
санааг олон нийтэд хүргэхийн тулд хамтран ажиллах шаардлага үүсдэг.
Өөрийн туршлагаасаа
үзэхэд, загвар өмсөгч бол камертэй маш сайн ажиллаж сурдаг. Камерийн дурангийн
өмнө ичихээ болих нь дэлгэцийн бүтээлд тоглох эхлэлийг сайн тавих бөгөөд эргэн
тойрондоо байгаа тоног төхөөрөмж болон мэргэжилтнүүдийн багаас айж сүрдэхгүй
болдог. Мөн олон цагийн зураг авалтыг тэсэх тэвчээр шаардагддаг гэдгээрээ ижил
төстэй юм.
Таны “Instagram” хуудсыг үзэхэд зургуудын тань дийлэнх нь
загварын салбартай холбоотой байгааг ажиглалаа. Та хувь хүнийхээ хувьд
загвар сонирхогч нэгэн үү, та үүнийг өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болгон
ашигладаг уу?
Би тав, зургаан
настай байхаасаа хүүхэлдэйнүүддээ зориулан хувцасны загвар зохиож, оёж эхэлсэн бөгөөд
Монголдоо өсвөр насны загвар зохион бүтээгчдийн тэмцээнээс шагнал хүртэж
байсан. Тиймээс загвар бол миний өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл юм. Мөн “Intelligence” кинонд Тува хэмээх загварлаг дүрийг бүтээхэд
маш сонирхолтой байсан.
“Зэрлэгүүдийг хүлээхүй”
кинонд та Холливудын гурван алдартны хамтаар тоглосон. Карьерээ эхлүүлж буй
таны хувьд тэдгээр жүжигчнээр хүрээлүүлэх ямар санагдаж байсан бэ? Тэд танд зөвлөгөө өгч байв уу?
Би ихэвчлэн ноён Марк
Райланстай хамт хэсгүүдэд тоглосон ба нэг хэсэгт Жонни Дептэй хамт зураг
авалтад оролцсон. Тэдэнтэй хамт ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан.
Зураг авалт эхэлсэн тохиолдолд тухайн жүжигчин хэн байхаас нь үл хамааран өмнөө
байгаа дүрд анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Би уг кинонд бүтээсэн бүсгүйнхээ
дүрийн дотоод ертөнцөд автсан бөгөөд зураг авалтын явцад маш олон зүйлийг
сурсан.
Марк намайг дэмжин
тусалж, зураг авалтын үеэр байнга урам зориг өгч байсан. Тэрбээр маш эгэл жирийн,
гайхалтай ёс зүйтэй хүн. Би цаашид энэ зан чанарыг өөртөө шингээхийг хүсэж
байна. Би Марк Райланст Монгол хэл заана гэж огт бодоогүй боловч заахаар
болсон. Тэр ч маш хурдан сурч байсан. Монгол хэлийг сурахад тийм ч хялбар биш
шүү дээ.
Та “Зэрлэгүүдийг
хүлээхүй” кинонд маш ярвигтай дүрд тоглосон, хамгийн чухал дүр ч байж магадгүй
юм. Танд аль хэсэгт тоглоход хамгийн хүнд байв? Мөн киноны аль нэг хэсэгт өөртэйгээ ижил төстэй талыг
дүрээсээ олж харав уу?
Энэ дүр намайг
маш их сорьсон. Би өөрийгөө ийнхүү сорьсондоо баяртай байна. Мөн ур чадваруудаа
харуулах ийм том боломж надад олдсон. Би зохиолчийн гаргахыг хүссэн санааг ойлгохын
тулд бүсгүйн дүрийг олон өөр талаас нь судалсан бөгөөд түүний дотоод ертөнцөөр
аялсан. Мөн нүүдэлчин соёл, байгаль дэлхийтэйгээ холбогдож, эмээтэйгээ
өнгөрүүлсэн бага насандаа эргэн очсон мэт санагдсан. Намайг энэ дүрийг бүтээхэд
эмээ маань хөглөж өгсөн учир түүнд зориулан дүрээ бүтээсэн.
Та драмын жанртай
нягт холбоотой кино, цувралд тоглож байсан бол одоо “Sky” сувгийн “Intelligence” хэмээх инээдмийн цувралд тоглож байна. Та нэг төрөл жанрын
уран бүтээлд тоглохыг илүүд үздэг үү?
Би инээдмийн
кинонд тоглоно гэж огт бодож байгаагүй боловч ойр дотны найзууд маань намайг
төсөөлж байгаагаасаа ч илүү ихийг хийж чадна гэж боддог. Би одоогоор инээдмийн
кинонд анхны дүрээ бүтээгээд байна. Надад гайхалтай санагдсан бөгөөд өөр өөр
төрөл жанрын кинонд тоглох хэрэгтэй гэж боддог.
Монголд төрсөн та
Венецийн кино наадмын дэлгэцээр гарснаар олны анхаарлын төвд орсон. Одоогоор таны
жүжигчний карьерт тохиосон хамгийн өндөр амжилт болон хүнд үеийг нэрлэвэл?
“Зэрлэгүүдийг
хүлээхүй” кинонд эмэгтэй гол дүрийг бүтээсэн нь эргэлзээнгүй хамгийн өндөр
амжилт. Продюсер Майкл Фицжеральд энэхүү киног бүтээхийн тулд 25 жил хүлээснээс
гадна намайг Нобелийн шагналт зохиолч Ж.М.Кутзее өөрөө сонгосон. Мөн Дэвид
Швиммерийн хамт “Intelligence” кинонд тоглосон нь миний хувьд гайхалтай туршлага болсон. Харин нөгөө
талаас үзвэл, ажил хоорондын амрах хугацаа нь жүжигчдийн хувьд хамгийн хүнд
зүйл байдаг нь маргаангүй юм.
Жүжигчин мэргэжлийг
сонгосон хүний хувьд танд бүтээхийг мөрөөддөг дүр юм уу тоглохыг хүсдэг кино
бий юу?
Би олон төрлийн дүрд тоглохыг хүсэж байна. Одоогийн байдлаар би “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд
бүсгүйн дүр, “Intelligence”
кинонд хакер, “Peaky Blinders” кинонд нууц алуурчны дүрийг бүтээгээд байна. Ирээдүйд гэвэл, шинжлэх
ухааны зөгнөлт, уран зөгнөлт юм уу адал явдалт кинонд тоглохыг хүсэж байна. Мөн
намайг илүү их сорьсон дүр байгаасай гэж бодож байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан багуудаараа бахархаж байгаагаа илэрхийлмээр байна. Тэдний бүтээсэн дүрс бүхэн нэгдэн нийлснээр бидний дэлгэцээр үздэг кино бүтдэг. Ташрамд дурдахад, “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны зураглаач Крис Менжесийн авьяас намайг хором тутамд гайхшруулж байсан. Кино урлагт өөрийн хүсэл тэмүүллийг зориулж буй хүмүүст би үргэлжид талархсаар ирсэн бөгөөд цаашид тэдгээр гайхалтай хүмүүстэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
"Зэрлэгүүдийг хүлээхүй" кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ энэ оны эцсээр нээлтээ хийнэ.