Бразилын Ерөнхийлөгчийн ууган хүү халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-08-26 11:29:42

БРАЗИЛИА. /France24/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн ууган хүү, сенатч Флавио Болсонару коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсан талаар мягмар гарагт мэдээлжээ. Түүнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.


Өдгөө 39 настай сенатчийн ажлын албаны мэдэгдэлд дурдсанаар, Ф.Болсонаругийн биеийн байдал сайн байгаа бөгөөд гэртээ тусгаарлагдаж, хумхааны эм болох "хлорохин" ууж байгаа ажээ. "Хлорохин" коронавирусний эсрэг үйлчлэл үзүүлдэггүй болохыг олон судалгаагаар тогтоогоод байгаа боловч Бразилын Ерөнхийлөгч уг эмийг “COVID-19”-ийг эмчлэхэд ашиглахыг сайшааж байгаа юм.


Аавыгаа тууштай дэмждэг гэдгээрээ олонд танигдсан Ф.Болсонару нь Ерөнхийлөгчийн гэр бүлээс коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан дөрөв дэх гишүүн болжээ. Өдгөө 65 настай Бразилын Ерөнхийлөгчийн хувьд хөл хорионы арга хэмжээнүүдийг шүүмжилж байсан боловч өнгөрсөн сарын эхээр халдвар авсан нь тогтоогдож, гурван долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласан билээ.


Мөн тэргүүн хатагтай, 38 настай Мишель Болсонару, Ерөнхийлөгчийн дөрөв дэх хүү, 22 настай Жаир Ренан нар халдвар авчээ. Бразилд өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 3.6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 115 мянга гаруй хүн нас барсан байна. Бразил нь эдгээр үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм. 

Холбоотой мэдээ