Зээлийн хүү бууруулах ажлыг эрчимжүүлэх хүсэлтээ уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-27 13:40:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зээлийн хүүг бууруулах ажлыг эрчимжүүлэх албан хүсэлтээ Ерөнхийлөгч, Сангийн сайд, СЗХ-нд хүргүүлсэн тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэв. 


МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг хувиас доош байлгахаар заасан гэдгийг мэдээллийн эхэнд тодотгоод, цар тахлын үед иргэдийн орлого, амьжиргааг сайжруулахад чухал ач холбогдолтой хэмээн Зөв хүн электорат эвслээс дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр, "Зээлийн хүүг бууруулахыг тооцож байгаа бол хадгаламжийн хүүнд өсөн нэмэгдэх татвар ногдуулах хэрэгтэй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн албан хүсэлтэд ямар түвшинд, хэрхэн ногдуулах аргачлалыг тусгасан. Тухайлбал, хөрөнгийн зах зээл үүсгэж Засгийн газрын дотоод үнэт цаасыг тогтмол хугацаагаар гаргаж ирэх хэрэгтэй" хэмээв. 


Татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалттай юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах тухай хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Уг хүсэлтэд тухайлбал, банкуудын лицензийг ангилалтай олгодог байхыг зөвлөжээ. Учир нь одоогоор Монголбанкнаас бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа гэдгийг тодотгов. 


Хэрвээ хөрөнгө оруулалтын, арилжааны, иргэдийн банк гэж ангилбал өрсөлдөөн бий болно. Өөрөөр хэлбэл, гадны банкуудыг оруулж ирэх хууль, эрх зүйн орчныг бий болгох шаардлага байна хэмээлээ. Тэрбээр, "Иргэд зөвхөн банкнаас гадна ББСБ, ломбард, өдрийн зээл гээд маш өндөр хүү төлөөд байна. Энэ нь цаанаа мөнгө хүүлэлтийг дэмжиж байгаа хэрэг. Дэлхийн 60-70 улсад мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт бий, түүнийг ч бид нэвтрүүлэх хэрэгтэй" хэмээн тэмдэглэв. 

Холбоотой мэдээ