Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгах хүсэлтийг шүүхэд уламжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-27 14:04:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг Цагаатгалын тухай хуулиар цагаатгах хүсэлтийг шүүхэд уламжилж байгаагаа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр мэдээлэв. 


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, А.Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгах хүсэлт өнгөрсөн хугацаанд олон удаа ирж байсан ч өнөөдрийг хүртэл шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж Цагаатгалын комисс байгуулсан. Уг комиссыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ахалж байгаа юм. 


Тэрбээр, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг 1984 онд гадаадад нутаг заан цөлж, гэрийн хорионд байлгаж, эд хөрөнгө, тэтгэврийг нь хураасан баримт байгааг дурдаад, хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсэн бүх бичиг баримттай нэг бүрчлэн танилцсаны эцэст шүүхэд хандаж байгааг мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "Ю.Цэдэнбал агсныг түүх цагаатгасан ч албан ёсоор цагаатгасан шүүхийн тогтоол гараагүй. Тиймээс үнэнийг тогтоож шүүхээр шийдүүлэх, цаашид хүний эрх зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах юм. Монгол Улсын шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна" хэмээв. 


Монголын нийгэм, улс төрд гавьяа байгуулж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч тэдний нэр төрийг сэргээж, цагаатгуулах талаарх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд маш олон удаа гаргаж байсан ч ямар нэг шийдвэр гараагүй байжээ. Цагаатгалын хуулиар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цагаатгалын асуудлаар шүүхэд хандах хууль эрх зүйн орчин байхгүй болж байгаа юм.


Цагаатгалын тухай хуулиар ирэх жилээс цагаатгалын асуудлаар шүүхэд хандах эрх зүйн орчин байхгүй болох юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр нийт 31 314 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж цагаатгагдсан байна.

Холбоотой мэдээ