"Аман хөндийн найзууд" хүүхдийн жүжгийг ирэх сард нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-08-27 16:17:18

Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театртай хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” төсөл хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.


Өнөөдөр Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн тус төслийн хүрээнд, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжиг, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэвэл комик ном бүтээх юм байна. Урлагаар дамжуулан гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ, амны хөндийн эрүүл мэндийн талаарх хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлж байгаагаараа энэхүү төсөл онцлогтой аж.


Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа "Гурваас долоон насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж танин мэдэхүй, эрүүл ахуйн боловсролд нь хөрөнгө оруулах үүднээс энэхүү уран бүтээлийг хийж байна. Хүүхдийн жүжгээ 9 дүгээр сарын 25-нд нээнэ. Нэг бүлэгтэй, гурван үзэгдэлтэй уран бүтээл болно. Ирэх сарын 1-нээс бэлтгэл сургуулилтаа эхлэх бөгөөд тус жүжгийн Монгол дагина, Сойзмаа, Оолой, Ундаахан, Чихэрхэн, Арзаалайнууд зэрэг дүрүүдийг манай Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид бүтээнэ” хэмээлээ.


Гүүд нэйборс олон улсын байгууллагын ерөнхий менежер Х.Баавгай “Манай байгууллага эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө хүрээнд энэ төслийг хэрэгжүүлж байна. Манай байгууллагаас АШУҮИС-тай хамтран 2016 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүүхдүүдийн 92.9 хувийн шүд цоорсон, 8.6 хувийн шүдний өвчин хүндэрсэн байгаа нь ажиглагдсан. Иймээс бага насны хүүхдүүд шүдний өвчлөлд 100 хувь өртөх эрсдэлд тулж ирээд байна. Шүдний өвчин нь бусад өвчний суурь болдог. Шүд муудвал дотоод эрхтэн системд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. 


Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гар ариутгах дэглэмийг баримтлан аль болох олон хүүхэд театрт жүжиг үзэх боломжоор хангана. Жүжгийн нээлт дөхөхөөр тасалбарын үнийг олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

 

Холбоотой мэдээ