Монгол шатарчид дэлхийн 163 орноос 25-д эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-08-27 16:10:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиадад Монголын баг тамирчид тэргүүн хэсэгт тоглон тавдугаар байрт шалгарч, дэлхийд эхний 25-д эрэмбэлэгдсэн амжилт гаргалаа.


Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг залуу шатарчдын багийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн, УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэг тэргүүтэй Монголын шатрын холбооны төлөөлөгчид тус олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд, УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэгийн сэтгэгдлийг сонссон юм.



-"Монголын баг тамирчид дэлхийд тавдугаар байрт орсонд бахархаж байна. Шатар хэмээх оюуны их спорт олон эерэг зүйлийг хүнд өгдөг. Бас оюун санааны их эрч хүч, тухайн хүнээс, тамирчнаас их тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Хоёр жилийн өмнө Гүржийн Батуми хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсоноор бид дэлхийн 163 орноос эхний шилдэг 40 орны нэгээр шалгарч энэ чансаа, түвшинд тоглох эрхтэй болсон. Төр засгаас шатрын спортыг дэмжиж байдагт талархаж байдаг. Үүний тод жишээ нь, Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шатрын спорт ордоггүй байсан бол энэ жилээс албан ёсоор орсон. Лобби бүлгийн санаачилгаар оюуны спортыг дэмжиж спортын ордон байгуулах ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр энэ ордоноо шатарчид хүлээн авахад тун ойртоод байна.


Шатрын олимп гэдэг бол хоёр жилд нэг удаа болдог. Шатрын спорт ганцаараа тоглодог юм шиг боловч багийн спорт. Шатарчин дэлхийн өндөр түвшинд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөж, бүтэн жилийн турш бэлддэг. Иймд жилийн дөрвөн улиралд өндөр түвшний мэргэжлийн бэлтгэл хийвэл илүү амжилт гаргах боломж бидэнд байна. Оюуны спортын ордон дэлхийд манай тамирчдыг гаргахад их хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Энэ ташрамд, шатрын спортыг дэмждэг бүх хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье.


Шатар гэдэг оюун ухааны спортын оргил юм. Төр засгаас бодлогоор, цогцоор нь дэмжиж байж энэ спортоор бид амжилтаа улам ахиулна. Тамирчин хүн амжилт гаргахын тулд идэх хоолноос эхлээд сэтгэл зүй, байнгын дасгал сургууль хийж, бүх талыг хангасан багийн хамтын ажиллагаа их чухал. Тиймээс ч манай лобби бүлгээс шатрын спортыг хөгжүүлэх орон зайг бий болгох зорилгоор оюуны спортын ордонтой болох санаачилга гарган улсын төсөвт суулгаж энэ жил дуусах шатандаа явж байна. Мөн шатрын үндэсний шигшээ баг хасагдсаныг сэргээж одоо багийн гишүүд тогтмол цалин авч байгаа. Ингэж мэргэжлийн болсноор амжилт гаргах эх үндэс бий болж байна. Миний хувьд “Ногоон бэрс” шатрын хөтөлбөр хэрэгжүүлж 10 мянга гаруй хүүхдийг шатартай болгосон. Мөн 12 сургууль, цэцэрлэгт шатрын клуб байгуулсан. Эндээс Монголын ирээдүй болсон шилдэг шатарчид төрөх байх гэж итгэж байна.

 

Тус анхдугаар тэмцээний Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУИМ Б.Гүндаваа болон ОУИМ Б.Мөнгөнтуул, ОУМ Д.Батсүрэн нараас тэмцээний зохион байгуулалт, манай багийн тоглолтын талаарх сэтгэгдлийг нь авсан юм.


Б.Гүндаваа: “Хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн шатрын олимпиадыг хуваарийн дагуу 2020 оны олимпиадыг  ОХУ-д болох байсан. Цар тахлын улмаас хойшлогдсон. Энэ хугацаанд шатрын цахим анхдугаар олимпиадыг зохион байгуулсан. 2018 онд болсон  олимпиадын эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Азидаа эхний тавд шалгарч, анхдугаар цахим олимпиадын тэргүүн хэсэг буюу эхний шилдэг 40 багт багтсан. “А” бүсэд нийт 10 баг өрсөлдсөн. Азийн шилдэг долоон баг, Европын хоёр баг буюу Хятад, Гүрж, Энэтхэг, Иран, Узбекистан, Индонез, Вьетнам, Монгол, ХБНГУ, Зимбабве улсын баг өрсөлдсөн. Манай баг тавдугаар байрт шалгарсан. Чансаагаар есдүгээр байр эзэлсэн. Энэ чамгүй том амжилт. Түрүү байр эзэлсэн. Энэтхэгийн баг ганц манай багтай л тэнцэж бусад багийг хожиж хагас шигшээд шалгарсан. Энэтхэгийн багтай 3:3 харьцаатай тэнцсэн, Хятадын багтай тоглож 0.5 онооны зөрөөтэй ялагдсан амжилттай, 8 оноотой тавд шалгарсан.


Миний хувьд, өмнө нь энэ олимпиадад олон удаа амжилттай оролцож байсан. Нэгдүгээр ширээнд 3-4 удаа сууж байна. Анх удаа энэ тэмцээнд ахлах дасгалжуулагчаар ажиллалаа. Өмнөх олимпиадуудаас харж байхад сүүлийн жилүүдэд төр засгаас их дэмжих болсон. Анх шигшээ баг 2013 онд байгуулагдаж 2016 онд түр татан буугдсан. Энэ оны эхнээс шигшээ багийг дахин байгуулсан. Үүнд УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлэг их дэмжсэн бидний амжилтад их нөлөөллөө. Дэлхийн супер Их мастеруудтай улсын багууд бүгд гэрээсээ тоглож байсан. Цар тахлын улмаас ийнхүү дэглэмээ хатуу чанд барьсан байх. Харин манай улс дотооддоо коронавирус алдаагүй давуу талаа ашиглаж чадсан. Бид нэг зааланд хамт сууж тоглох онцгой эрхтэй байлаа. Интернэт тасрахгүй байх хэрэгтэй зэрэг техникийн болон нөхцөл байдлуудыг хангаснаар бидний амжилтад том нөлөө үзүүлсэн. МТҮП-аас  инженерүүд ирж ажилласан нь бидний амжилтад их эерэгээр нөлөөлсөн.


-Зэрэгцэж суугаад өрсөлдөгчтэйгөө тоглох, цахимаар тоглох хоёр ямар ялгаатай байв?


-Өөд өөдөөсөө хараад тоглоход өрсөлдөгчдийн сэтгэлзүйн буюу бие хүний үйл хөдлөл, сэтгэл зүй нөлөөлөх боломжтой байдаг. Шатрын үндсэн зарчим бол сэтгэлийн ямар нэг хөдөлгөөнгүй, айх, өрсөлдөгчөө дутуу үнэлж, бардаж онгирох сэтгэл зүйн тал дээр их алдаа гаргадаг. Цахим олимпиадын давуу тал өрсөлдөгчтэйгөө харьцахгүй учраас зөвхөн шатраа харж, тайван төвлөрч тоглох нь давуу тал юм. Цэвэр шатрын ерөнхий мэдлэг тамирчны бэлтгэл, формоос шалтгаалах давуу талтай. Хүчтэй өрсөлдөгчтэй халз тоглоход өөртөө эргэлзэх сэтгэл хөдлөлөөр хандаж, сандарч алдах тохиолдлууд байдаг.


Интернэт орчин мэдээлэл асар хурдтай болсон учраас нууц байсан шатрын мэдээллийн сангууд бүх оронд тэгш нээлттэй болж эхэлж байна. Тийм ч учраас Монголын шатрын спортыг үсрэнгүй хөгжиж байна гэж үзэж байгаа. Батсүрэн 16 настай их мастерынхаа гурван болзлыг биелүүлж 20 рейтинг нэмэхэд л Их мастер болох гэж байна. Энэ бол мэдээллийн үсрэнгүй хөгжлийн үр шим. Хэрэв төр засгийн дэмжлэг энэ эрчээ хадгалж чадвал сургалтын талд анхаарч, мэргэжлийн дасгалжуулагчдаа сайн бэлдсэн байхад удахгүй Монголоос супер их мастер төрөх, дэлхийн аваргын шат шатны зорилтоо тодорхой тавиад явбал бидэнд маш том ирээдүй харагдаж байна.


Коронавирусний халдвар тархсан энэ үед шатрын цахим тэмцээнийг энэ оны 4 дүгээр сараас өмнө ганц нэг улсад санаачилга гарган зохион байгуулсан. Цар тахлын үеэс шатарчдын холбоо, тамирчдын зөвлөлүүд хамтарч цахимаар хандивын тоглолт зохион байгуулснаар 10 сая төгрөг цуглуулан халуун цэгт ажиллаж байгаа хамт олонд сэтгэлийн дэм, урам өгсөн. Үүний дараа томоохон улс орнууд манай улсын туршлагаар хандивын тэмцээн зохион байгуулсан.



Монгол Улсын гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул: Би дэлхийн шатрын олимпиадад 2009 оноос хойш оролцсон. Шатрын спортын онцлог нь цахимаар оролцох боломжтой байдаг. Өмнө нь ч платформуудаар тоглодог байсан. Харин  олон улсын ийм том тэмцээн анх удаа зохион байгууллаа. Дэлхийн шатрын холбооноос нийт энэ тэмцээнд 163 орон оролцсон. Манай улс тэргүүн хэсэгт тоглосон. Өмнөх олимпиадуудад эрэгтэй, эмэгтэй багаараа түрүүлж байсан Хятад, Герман, Гүрж зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй нэг бүсэд тоглосон. Эхний гуравт шалгарсан баг нь үргэлжлүүлэн хасагдах журмаар тоглох ёстой. Өмнөх олимпиадууд эрэгтэй, эмэгтэй ангиллаар болдог байсан бол анх удаа эрэгтэй, эмэгтэй хамтарсан багаар оролцож, бид амжилттай сайн тоглосон. Олимпиадын өмнө 20 хоногийн бэлтгэлд гарсан маань их нөлөөлсөн. Их тэнгэрт байрлаж, техникийн талын ямар ч асуудалгүй, зөвхөн шатартаа анхаарах боломжийг бүрдүүлж өгсөн нь их нөлөөлсөн. Энэ амжилт тамирчид бидний амжилт биш, бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд болон дасгалжуулагчид, бид бүхний багийн амжилт байлаа.


Одоо манай тамирчдыг ямар тэмцээн хүлээж байна гэсэн асуултад тэрбээр хариулахдаа:

Оны эхэнд Хятад улсад болсон тэмцээнд түрүүлсэн. Энэ жилдээ оролцох тэмцээнүүдийн хуваарь гарч дэлхийн шатрын олимпиад 8 дугаар сард болно гэж төлөвлөөд байсан. Цар тахлын улмаас бүх тэмцээн цуцлагдсан. Гэхдээ бэлтгэл сургуулиа хийж, үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдсон байгаа. Бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч Б.Гүндаваа Их мастертай хийдэг. Цахим олимпиадаас гадна олон тэмцээн болдог ч тэр бүрд хамрагдаад байж чаддаггүй. Учир нь Европын цагаар өдөр Монголын цагаар шөнө зохиогддог болохоор нэлээд бэрхшээлтэй. Удахгүй Монголын шатрын холбооноос энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиох төлөвлөгөө байгаа. Цар тахал намжиж, тэмцээн уралдаан маань болоосой гэж бүгд л хүсэж байгаа.


 

Монголын эрэгтэй шатарчдаас дараагийн Их мастер болоход тун ойртсон залуу шатарчин Д.Батсүрэн: “Монголын багаас тавдугаар ширээнд, 20 хүртэлх наснаасаа нэгдүгээр ширээнд өрсөлдлөө. Долоон тоглолт хийж тав хожсон. Энэтхэг, Иран, Гүрж зэрэг орноос шалгарсан шилдэг тамирчидтай өрсөлдсөн. Долоо тоглохдоо дөрөв хожиж, хоёр тэнцсэн. Хятадын тоглогчийг би хожсон ч манай баг харамсалтайгаар 3,5:2,5-аар хожигдсон. Дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдсөн гэхээр манай баг тун амжилттай тоглосон. Би тавдугаар ширээн дээр 20 хүртэл наснаасаа нэгт шалгарсан. Энэ тэмцээний үер Их мастерын гурван нормоо биелүүлсэн. Чансаа 2481. Удахгүй Монголын хамгийн залуу Их мастер болохыг зорьж байна. Миний хувьд, 20 хүртэл насныхаа нэгдүгээр ширээнд тоглоно гэдэг их нэр хүндтэй хэрэг байлаа. Багийнхаа нэлээн чухал тоглогч байсанд баяртай байна.




Энэ онд Их мастер хэмээх хүндтэй цолын эзэн болсон С.Билгүүнээс дэлхийн шилдгүүдтэй тоглоход сэтгэл зүйн хувьд ямар байсныг нь сонирхоход:


ОУИМ С.Билгүүн: “Манай хэсэг хөлбөмбөгтэй зүйрлэхэд, яах аргагүй үхлийн хэсэг байсан. Манай хэсгийн тэргүүлэх баг нь Хятадын шигшээ баг, өмнөх олимпиадад эрэгтэй, эмэгтэй баг нь түрүүлсэн. Ялангуяа энэ цахим олимпиадын хувьд холимог баг оролцсон учраас түрүүлсэн багийн тамирчид номер нэг байсан. Гэхдээ Энэтхэгийн баг манай хэсгээс нэгээр гарсан. Тэгэхээр энэ хэсэгт дэлхийн хамгийн шилдэг хоёр баг байсан гэж үзэж болох юм. Миний хувьд нэгдүгээр ширээн тухайн орнуудын хамгийн шилдэг тамирчидтай өрсөлдсөн. Өрсөлдөөн мэдээж хэцүү талдаа байсан. Манай залуучууд бусад орны тамирчдыг илүүрхэх аястай байхад, миний хувьд дэлхийн тэргүүлэх тамирчидтай өрсөлдсөн учраас ихэнх тоглолт дээр тэнцсэн. Ямар ч байсан найдвартай сууж байя. Багийн бусад гишүүд оноогоо ахиулаад найдвартай тоглоё гэсэн тактиктай тоглосон. Жишээ нь дэлхийд эхний аравт ордог хятадын шилдэг тамирчин, хуучин дэлхийн шилдгүүдийн нэг байсан Гүржийн Их мастер гээд шилдэг тамирчидтай өрсөлдсөн 7 өрөг тоглосноос 3 оноо авсан. Сонсоход 50 хувиас бага амжилт юм шиг боловч өрсөлдсөн тамирчдынхаа түвшин, чансаатай харьцуулахад дажгүй сайн тоглосон. 2018 оны олимпиадын үеэр би Улсын аварга болж байсан. Гэхдээ Батчулуун Их мастер маань 2600 чансаанд хүрэх гээд зорьж байсан учраас шатрын холбоо болон Батчулуун ахтайгаа ярилцаад би хоёрдугаар ширээнд сууж байсан. Энэ удаагийн тэмцээн ямар нэг норм, түвшин байхгүй учир багийнхаа амжилтын төлөө бүгд хичээгээд явж байгаа учраас анх 7 дугаар сарын 5-7-ны хооронд болох үед тэмцээнээс шалгарч нэгдүгээр ширээн дээр тоглосон. Анх удаа тоглож байхад дарамт гэхээс илүү том хариуцлага оногдсон. Анх удаа гэдэг үүднээсээ алдаа дутагдал гаргасан байх. Эхний хоёр өрөг хожигдсоны дараа тоглолт чинь сайн байна цаашдаа сайн тоглоод өг гэсэн зөвлөмжүүд надад өгсөн. Түүнээс хойш сэтгэл жаахан тавирч, сайн тоглолт гаргаж чадсан.


-Өрсөлдөгчийнхөө сэтгэл хөдлөлийг мэдэрч тоглохоос мэдрэхгүй тоглох нь илүү тайван тоглох боломж байсан байх шүү. Энэ үед төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?


Шатартаа анхаарч илүү маш амар тайван тоглох шиг санагдсан. Мөн практик, туршлага бас их байсан. Дэлгэц дээрх зөвхөн шатартайгаа тоглосон учраас маш тайван, амгалан байсан. Зарим тоглолт дээр өмнөх юмаа бодоод сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх тохиолдлууд байсан хэдий ч зөвхөн өөрөөс шалтгаалах сэтгэл зүйн асуудалд орж байснаас биш өөр асуудалгүй тоглосон.

С.Туул

Холбоотой мэдээ