“Талын анир” сэтгүүл таван нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 18:00:13

Дорнод аймагт анхны өнгөт хэвлэл болж цоо шинэхэн дугаараа уншигчдын гар дээр тавьж байсан “Талын анир” сэтгүүл саяхан 5 нас хүрлээ.

Ойн үеэр тус сэтгүүлийн эрхлэгч Б.Энхмаагийн “Миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, сэтгүүл зүйн салбарт оруулсан өөрийн хувь нэмрээ уншигч олондоо тайлагналаа. Түүний сэтгүүлчийн хөдөлмөрийг аймаг орон нутаг үнэлж энэ үеэр түүнийг “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав. Ойн үеийн хамгийн сэтгэл догдлуулам хөтөлбөр нь “Ток шоу” байлаа. Баярт оролцсон зочдоо урьж хөнгөн нээлттэй ярилцаж, бага насных нь “галт тэрэг”-ээр аялуулав.

“Бидний бахархал”, “Шинэ танил”, “Би багадаа”, “Хөөрхөн” зэрэг уншигчдын танил болсон булантай, одоогоор 16 нүүрээр гарч байгаа ч цаашид шинэ санаагаар улам баяжих болно гэж сэтгүүлийн менежер Х.Наранцацралт ярилаа.

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 20 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаагийн дотор “Дорнод зон”, “Талын анир” нэртэй хоёр сэтгүүл гарч байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ