Буйр нуурын аялал жуулчлалыг байгальд ээлтэй хөгжүүлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-08-28 16:42:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос 960 гаруй км, Чойбалсан хотоос 300 шахам км-т Дорнод аймгийн Халх гол суманд байдаг “Баян Буйр” амралт нь дотоодын жуулчдыг 2017 оноос хүлээн авч эхэлжээ.


Буйр нуурын зүүн талаас 23 км, баруун талаас 20 км-т буюу нуурын эргийн дунд хэсэгт оршдог энэхүү амралтын газраас хийсэн сурвалжлагаа та бүхэндээ толилуулж байна.


Дорнод аймгийн Чойбалсан хотоос 2020 оны 8 дугаар сарын 6-нд Мэнэнгийн тэгш талаар 3 цаг орчим давхисаар Буйр нуурын хөвөөн дэх "Баян буйр" жуулчны баазад ирсэн юм.  Энэ нуурын 10 хувь нь БНХАУ-ын нутагт харьяалдаг бөгөөд Монгол Улсад ганц байгаа усан хил юм.




Биднийг Буйр нуурт ирэхийн өмнөх 7 хоногт энд маш их салхитай, бороотой байсан гэнэ. Харин биднийг Буйр нуурын эрэгт ирэхэд цаг агаар маш сайхан байсан нь нэн таатай байлаа. Буйр нуурын ус бүлээхэн, сүү шиг л зөөлөн бөгөөд маш дөлгөөн нуур юм байна.




“Баян Буйр” аялал жуулчлал, амралтын газрын эзэгтэй Даваасүрэнгийн Наран хэмээх ажилсаг шаавай бүсгүй, энд зорин ирсэн биднийг найрсгаар хүлээн авч гэрт байрлуулсан юм. Тус амралтын газар энэ алс хязгаар нутгийнх гэхэд амрагч, жуулчдын ая тухыг хангасан нь хийж тохижуулсан ажил, үйлчилгээнээс шууд харагдаж байлаа.



Амрагчдад зориулсан тохилог байр, монгол гэр, нуурын эрэгт наран шарлагын зориулалтын ор, сандал, сүүдрэвч, хогийн сав зэргийг байрлуулжээ. Мөн нуурын усанд орох хүмүүст анхааруулсан хязгаарлалтыг улаан, цагаан бөмбөлгөөр зааглаж өгсөн байв.




Үнэхээр олон улсын жишгийн дагуу үйлчлүүлэгч жуулчид, амрагчдын ая тухыг хангахыг зорьж ажилладаг нь алхам тутам мэдрэгдэж байв. Ирсэн амрагчдад захиалгаар төрөл бүрийн хоол, цай болон цэвэр ус, ундаа, амттан, чихэр, жигнэмгээр үйлчилдэг юм байна.




Амралтын өдөр тутмын ажлыг түүртэлгүй хийж байгаа Д.Нарантай аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэхээр зорьж яваа гэр бүлийнх нь ажил үйлсийн талаар яриа өрнүүлсэн юм.   


-Танайх Буйр нуурын эрэгт “Баян Буйр” амралтын газраа байгуулаад хэдэн жил болж байгаа вэ?


- Анх 2017 онд бид хоёр гурван гэр бариад, гал тогоогоо миний толгойд хүрсэн өндөртэй /150 см/ майханд эхлүүлж байлаа. Өнөөдөр тэр үеийг бодоход ийм болчихоод л байж байна. Алдаа оноогүй юм гэж юу байхав, засаж тохижуулж л байна. Буйр нуурт ирсэн хүмүүс энэ нутгийн сайхныг мэдэрч, ая тухтай амраад буцвал биднийг гэхээсээ энэ сайхан нутгийн маань нэр гарна, аялагчид манай амралтын газрыг зорьж ирнэ гэж бодож, хичээж байдаг.


-Буйр нуураар өмнөд хөрштэй хил залгаа, бас үнэхээр байгалийн үзэсгэлэнт нутаг болохоор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай юм байна?


-Манай нутгийг зорин ирэх хүмүүс гадаад паспортоо аваад ирвэл, энд хэд хоног Буйр нуурын эрэг дээр тухтай сайхан амарчихаад, эндээс ердөө 2 цаг давхиад л Баянхошуу боомтоор хил гараад БНХАУ-ын Амгаланбаатар, Хайлаар, Манжуур хотуудад шопинг хийж, хөрш улсын хөгжлийг үзэж сонирхоод, аялаад ирэх боломжтой.



-Та өөрөө энэ нутгийн уугуул иргэн үү, гэр бүл, мэргэжлийнхээ талаар танилцуулна уу?


-Би Баянхонгор сумын Баацагаан сумын хүн. Миний төрсөн нутаг говь хангай хосолсон нутаг. Чойбалсан хотын ХАА-н техникумын оюутан байхдаа ханьтайгаа танилцаад энэ нутгийн хүн болсон. Манай нөхөр Чимэддоржийн Нямсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын уугуул. 1984 онд 8 дугаар анги төгсөөд ХАА-н техникумд суралцаж 1987 онд улаан дипломтой онц төгсөж байлаа. Оюутан байхдаа нийгмийн их идэвхтэй, сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга байлаа. Сургуулиа төгсөөд ХААДС-д суралцах хуваарь авсан ч хөл хүнд болж том охиноо төрүүлээд явж чадаагүй. Дээд сургууль төгсөөгүй ч сайхан хань, энэ сайхан нутгийн буянаар ажилтай, аз жаргалтай сайхан амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг.



-Та хоёроос гадна энд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?


-Тогооч, 2 туслах ажилчин байна. Нэг охин маань амралтаараа ирээд тусалж байгаа. Хүүхдүүд маань бие даагаад ажил, амьдралд хүрчихлээ. Бид хоёрын хувьд дутах зүйл алга. Тиймээс ч “Гэрээ засаад, төрөө зас” гэдгээр нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор энэ сайхан нутаг, Буйр нуураа түшиглэн амралт, аялал жуулчлалын салбарт ажиллаж явна даа. Бид эхлээд нуурын эрэгт газар авч сумын ИТХ-аар оруулж зөвшөөрөл аваад амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар болж байлаа. Анх мал аж ахуйгаа бараадсанаас нуурын баруун талд газар авчихсан. Тэр нь нууранд орох, усанд сэлэлт байхгүй буруу сонголт болсон байв. Харин тэр газраас 2019 онд нүүж энд ирээд тохижиж л байна. Нуурын ус эрэг орчмоор 40 см-ээс 1 метр гүнтэй гүехэн, цэвэр тунгалаг учраас хүүхэд, хөгшид, бүх насныхан нуурын усанд ороход нэн тохиромжтой. Манай хүн ачааны машинаараа 7 хоногтоо нэг яваад аймгийн төвөөс бараагаа татдаг.


Бидний энд байх 3 хоногт тус амралтын газарт ирэх амрагчид огт тасрахгүй байсан. Нэг ээлжиндээ 50 шахам хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм билээ.



Буйр нуурын талаар товч танилцуулахад, Дорнод аймгийн Халхгол сумын Монгол Улсын хил дээр орших энэ нуур нь Монголын 5 дахь том нуур бөгөөд далайн түвшнээс 581 метр өндөрт орших 615 ам дөрвөлжин км талбайтай цэнгэг уст нуур юм. Нуурын урт 40 гаруй км, өргөн нь 21 км бөгөөд усны гүн нь дунджаар 6 м, хамгийн гүн нь 16 м хүрдэг. Нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац бүхий Халх голын ус юм. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуур /БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймагт байдаг/-т цутгадаг. Нуур нь адаг орчмоороо намагтай, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувуу олноороо бөөгнөрөн цугларч өндөглөдөг. Буйр нууранд 45 овгийн, 122 төрлийн 236 зүйлийн шувуу, 49 зүйлийн хөвөгч замаг, 57 зүйлийн хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйлийн тана хясаа, 6 овгийн 34 зүйлийн загас байдаг нь судалгаагаар батлагдаад байгаа аж.


Энэхүү үзэсгэлэнт нуурын эргээр аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутгийнхан болон бусад аймаг, нийслэлээс дотоодын жуулчид олноор ирж амардаг болжээ. Үүнийгээ дагаад нуурын эргээр аялагчид дураараа буудаллаж байгаль орчныг бохирдуулах нь хамгийн тулгамдсан, анхаарал татсан асуудал болоод байна.


Байгалийн үзэсгэлэнт энэ бүс нутагт орон нутгийн захиргаанаас төдийгүй төр засгаас анхаарал хандуулж тодорхой журам, зохицуулалт хийхгүй бол хэдхэн жилийн дараа нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл байгааг нутгийн иргэд, “Баян Буйр” амралтынхан онцлон хэлж байсан юм.  


Тал нутгийн үзэсгэлэнт мэлмий болсон Буйр нуураас баруун зүгт 100 шахам км урт, 60 гаруй км өргөн газар нутгийг хамрах алдарт хялганат тал болох Мэнэнгийн тэгш тал нэн гайхалтай. Мөн энэ нутагт Халхын Сэцэн Хан аймгийн То Ван /1797-1867/-гийн удирдлагаар 1859-1864 онд бүтээн босгосон Их Бурхант цогцолбор байдаг.



Монгол Улсын хилийн хязгаарт 80 гаруй жилийн өмнө болсон Халхын голын дайны ялалтын түүхийг гэрчлэх  ул мөрөө үлдээсэн дурсгалт газрууд оршдог.


Мэнэнгийн тал нутагт Халхын голын дайн болсон түүхэн газруудаар зорчиж ЗХУ-ын Маршал, ЗХУ-ын 4 удаагийн баатар, алдарт жанжин Г.К.Жуковын төв штаб байрлаж байсан газар, Дандар баатар "Улсын баатар" цолоо хүртсэн газарт босгосон түүний хөшөө,  90 баатрын хөшөө, Ялалтын хөшөө, Халх гол /шинэ/ сум, Ялалтын музей гээд дурсгалт газрууд байдгийг бид явж, үзэж сонирхсон юм.






Халхгол сумын 2 дугаар багт байнгын ажиллагаатай Баянхошуу хилийн боомт байдаг. Уг боомтоор зорчин БНХАУ-ын Хайлаар, Амгаланбаатар, Рашаант, Манжуур хотоор аялах боломжтой юм билээ. Харин энэ жилийн хувьд коронавируст цар тахлын улмаас тус боомт ажиллахгүй, хаалттай байгаа юм байна.  

 

Холбоотой мэдээ