ТУЖИЙН НАРС МӨХӨХ АЮУЛААС БҮРЭН АВРАГДСАН

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-09-08 16:53:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Арав гаруй жилийн өмнө цөлөрхөг хөрсөнд үлдсэн хэдхэн нарснаас өөр зүйлгүй байсан газарт өдгөө нарсан ой найгаж байна. Ирээдүйд улам өндөр болж, Тужийн нарсан ой монгол орны байгалийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх биз ээ. Тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт орших Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газар юм. Тэгш тал газрын элсэрхэг хөрстэй тус газарт эгэл нарс зонхилон ургах нь элбэг. Энэ нарсан ой нь байгалийн зүй тогтоцынхоо хувьд Сибирийн тайгын зүүн өмнөд хэсгийн төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл нь болж өгдөг. Далайн түвшнээс дээш 620 гаруй метрийн өндөрт буюу Монгол Улсын хамгийн нам дор газар байрладаг энэхүү нарсан ой нь өөрөө агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч болон биеийн дархлааг дэмжих интерфероныг ялгаруулдаг гэдгийг нутгийн хүмүүс онцлон хэлж байлаа.


Энэхүү байгалийн цогцолборт газар нь ой хээрийн түймэр болон ашиг хонжоо хайсан хүмүүсийн шуналаас болж нэлээдгүй сүйдсэн юм. Тиймдээ ч 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Харин сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа жамаар эргэн сэргэж ургасан байна.


Тужийн нарсны ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажилд олон хувь хүн, дотоод гадаадын компаниуд хамтран ажилласан бөгөөд тэдний нэг нь “Ой баясах” ХХК юм. Тус мод үржүүлгийн компани нь 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Тужийн нарсны 1054 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийжээ. “Ой баясах” компани нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатараас зүүн урагш 20 гаруй километрийн зайд, нарсан ойн захад оршино.



Намрын эхэн сард тариаланчид болон мод үржүүлгийн газрынхан тун их ажилтай байдаг. Харин зорьж очсон өдөр минь тэд ажлаа хойш тавьж, мод үржүүлгийн газарт нь зочилж, танилцах боломжийг олгосон юм.


“Ой баясах” компанийн захирал Д.Отгонбаяр, түүний гэргий Б.Эрдэнэчимэг нар мод үржүүлгийн талбайдаа жилээс жилд хамгийн их ажил ундардаг намрын улирлыг өмнөх жилүүдийн адилаар угтаж байна. Гол нь энэ жил өмнөхөөс арвин ургацтай. Мөнхүү Оросоос авчирсан цэнхэр гацуурын үрийг суулгасан нь амжилттай ургаж байгаа гэнэ. Ер нь Б.Эрдэнэчимэг Монголд байхгүй шинэ төрлийн мод Сэлэнгийн хөрсөнд суулгаж ургуулах тун дуртай. “Усалгаа, арчилгаа сайн байх юм бол ямар ч мод цэцэг сайхан ургадаг” хэмээн өөртөө их л итгэлтэй хэлж байв.

"Ой баясах" компанийн захирал Д.Отгонбаяр, түүний хань мод үржүүлэгч Б.Эрдэнэчимэг нар


Б.Эрдэнэчимэг ХААИС-ийн “Ойн инженерийн анги” төгссөн бөгөөд багаасаа ургамал ногоо, цэцэг навч судалж сонирхдог хүүхэд байсан гэнэ. Б.Эрдэнэчимэг эгч оюутан ахуй цагийн дурсамжаа олон жилийн дараа эргэн санах энэ мөчид хаана хүрэхээ сайн мэдэж байлаа. Тэрээр  өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн оюутан цагаасаа Зүүнхараагийн “Мод үржүүлгийн газар”-т ажиллаж туршлага хуримтлуулсан гэнэ. Цаашид ч шинэ мод тарих, үржүүлэг хийх ажлаа орхихгүй бөгөөд өнөөг хүртэл байгалийн нөхөн сэргээлт, хотын ногоон байгууламж тохижуулах зэрэг олон олон үйл ажиллагааг “Ой баясах” компаниараа дамжуулан гүйцэтгэжээ.


1990 оны сүүлчээс 2000-аад оны эхээр хулгайн мод бэлтгэгчид, ой хээрийн түймэр, хортон шавж, ашиг хонжоо хайсан хүмүүсийн тарьсан хор уршгаас болж Тужийн нарс мөхлийн ирмэгт хүрсэн билээ. Үнэндээ ийнхүү мөхөхийг нь харж, халаглаж суухаас илүүтэйгээр бодлого, төлөвлөгөө боловсруулж Тужийн нарсан ойг аврах олон гарц байсан. Үүнийгээ ч Төр, засгийн газар хэрэгжүүлж чадсан бөгөөд “Ой баясах” компаниас авхуулаад олон аж ахуй нэгж, иргэдийн оролцоотойгоор нарсан ойг дахиж сэргээж чаджээ. 



Тус цаг мөчөөс Тужийн нарсны ойжуулалтад гар бие оролцон, сэтгэл зүрхээ зориулж явсан хүмүүс бол “Ой баясах” компанийг удирдан авч яваа Д.Отгонбаяр, Б.Эрдэнэчимэг нар билээ. Тэд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалаас хамааран улирлын чанартай 5-12 хүнийг компанидаа ажиллуулдаг. Эдгээр хүмүүс мод бут ургахаас авхуулан тариа ногоогоо хураах мөч хүртэл буюу хавраас, намар хүртэл л ажиллана. Харин ойжуулалтын ажилд байгаль цаг уур, ажлын цар хүрээ, нийт талбайн хэмжээнээс хамааран 15-25 хүн авч ажиллуулдаг хэмээн компанийн захирал Д.Отгонбаяр өгүүллээ.


-ДАВАХ АРГАГҮЙ ЭРСДЭЛ ТУУЛАГСАД-


Ер нь газар тарианлангийн ажилчид давах аргагүй эрсдлийг туулагсад байдаг. Учир нь гэнэтийн цочир хүйтрэл, үер усны аюулд өртөж ургацаа алдах тохиолдол их. Ийм учраас бүхий л талын аюулгүй арга хэмжээг авч ажиллах шаардлага гарна. Тиймээс Б.Эрдэнэчимэг өглөө бүрийг цаг агаарын мэдээ үзэж угтдаг байна. Цаг агаарын мэдээ байгалийн гамшигт үзэгдэл тохиох болбол хамгийн түрүүнд хонх цангинуулсаар айл бүрийн хаалгыг дэлддэг хойно доо. Үүнийхээ дараа модныхоо үрийг цэвэрлэж хатаах, тариан талбайн усалгаа хийх, зэрлэг ногоо зулгаах, модныхоо ургах явцыг шалгах зэргээр өдрийн ажил нь ундарна.



Хэдэн жилийн өмнө “Ой баясах” компанийн үржүүлгийн талбайд үер бууснаас болж мод тарих ажил нэг бус удаа зогсож байжээ. Цаг агаарын мэдээгээр гараагүй, гэнэт уруй буусан ийм нөхцөл байдлын өмнө тэд хүчин мөхөсджээ. Хэдийгээр бүх ургацаа тавиад туучихаагүй боловч нэг ч гэсэн модыг үерийн усанд алдах нь тариаланчдад хохиролтой нь ойлгомжтой. Энэ тухай ярьж байхдаа Б.Эрдэнэчимэг “Яахав дээ, байгаль эх бидэнд өгөх зүйлээ харамгүй өгдөг. Авахыгаа ч бас авдаг. Тэр болгонд гоморхоод, хэн нэгнээс алдаа хайгаад сууж болохгүй. Дахиад л модоо тарьж ургуулна даа гэсэн итгэлээ унтраалгүй авч үлдэх нь чухал” хэмээлээ.


-ХОВОР МОДОД-

|Сурвалжлага доторх тэмдэглэл|


Өдгөө “Ой баясах” компанийн эзэмшил болох 3,5 га талбайд 24 төрлийн гоёлын болон жимсний  мод, бут ургаж байна. Мөнхүү төмс, лууван, манжин, сонгино зэрэг хүнсний ногоог өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж тариалдаг гэнэ.


Цэнхэр гацуур



Цэнхэр гацуур нь гоёл чимэглэлийн мод юм. Б.Эрдэнэчимэг тус модыг энэ жил анх удаа тарьж байгаа бөгөөд үрийг нь суулгаснаас хойш ямар ч асуудалгүй ургаж буй гэлээ. Тэдний хүлэмжинд тарьж буй цэнхэр гацуур өдгөө 3 настай гэнэ. Энэ төрлийн гоёлын гацуур нь хашаа байшин, гудамж талбайд үлгэрийн мэт өнгө нэмдэг байна. Мөнхүү усалгаа арчилгаа сайн байвал өнгөө алдаж гандана гэж үгүй.


Гүйлс


Монгол сакура гэгддэг гүйлс нь өвлийн улиралд навчаа гөвдөг сөөг мод билээ. Навч нь зууван хэлбэртэй, оройн хэсэг нь хурц шовх, зах ирмэгээрээ шүдэрхэг байдаг. Харин гүйлсний цэцэг нь цагаан юм уу ягаан өнгөтэй байдаг бөгөөд энэ үедээ ихэд гоёмсог харагдана. Цэцэг нь бал агуулах ба 6 юм уу 7 дугаар сарын үед боловсорч гүйцнэ. “Гүйлс гүйцэд боловсрох цагаар хоцролгүй түүж чадвал хэдэн ч шуудай үр авах боломжтой. Энэ мод анх суулгаснаас хойш 4 дэх жилээсээ цэцэглэдэг. Хот газрын хүмүүс гоёмсог хэлбэрт оруулах гээд тайрч цэцэглүүлдэг юм билээ. Уг нь ингэж хяргахгүй байвал хүчирхэг сайхан бут ургана даа” гэж Б.Эрдэнэчимэг өгүүлэв. Харин түүний надад санал болгосон дараагийн ховор мод бол агч юм.


Агч



Агч модыг айл өрх хашаандаа тарихаас гадна нийтийн эзэмшлийн талбайн чимэглэлд ихээр тариалагддаг. Дэлхий дээр 100 гаруй төрлийн агч мод байдаг ч бидний очсон газарт Ховил навчит агчийг нутагшуулан ургуулж байв. Тус мод нь халуун болон ганд тэсвэртэй, хүйтэнд харьцангуй өлчир байдгаараа онцлогтой. Эр модных нь цэцэг хүрэн улаан, эм модны цэцэг нь цайвар шаргал өнгөтэй байдаг байна. Навч нь гоёмсог хэлбэртэйгээс гадна намрын улиралд улбар шараас дун шар өнгөтэй болж хувирах үедээ гоёмсог хослолыг үүсгэдэг.


Бөөрөлзгөнө




Бөөрөлзгөнө нь 1.5 метр хүртэл ургадаг сөөг юм. Харин “Ой баясах” компанийн газарт ургасан бөөрөлзгөний мод 1 метр өндөртэй байна. Жимс нь боловсорч гүйцсэн тул ажилчид хэдийн хурааж авчээ. Бөөрөлзгөнийг хүнсэнд хэрэглэхээс гадна боловсруулж ундаа болон эмнэлгийн түүхий эд болгодог. Учир нь ардын эмнэлэгт бөөрөлзгөний мөчир, жимсгэнийг амттай цай бэлтгэх, нүдний хүйтэн өвчинг эмнэх, үс ургуулагч болгон ашигладаг гэнэ. Мөнхүү иш, навч зэргээр нь ханд бэлтгэж багтраа, мөөгөнцөртөх өвчнийг анагаадаг тул ихээхэн ашиг тустай жимсний модонд тооцогддог байна.

 

-НУУЦЛАГ НАЙЗ БА АСУУДАЛ-


Б.Эрдэнэчимэг энэ жилийн модныхоо үрийг хурааж, салхинд хатаахаар тавьжээ. Заримыг нь Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймаг дахь хашаандаа мод тарьдаг айлуудад зарж борлуулах бөгөөд дийлэнхийг нь хадгалж, ирэх хаврын суулгацаа бэлдэнэ. Модны үрийг хатаахын тулд зүгээр нэг дэлгээд тавьчихгүй, байнгын хараа хяналт шаардагдана. Учир нь хэрэм, жирх зэрэг мэрэгчдээс гадна зарим төрлийн шувууд модны үрийг хулгайлж идэх тохиол их гардаг байна.

Биднийг мод үржүүлгийн газрын ажилчидтай хөөрөлдөж суух зуурт байшингийн булангаас байсхийгээд л нэг жирх булталзан гарч ирж байлаа. Тэр бол Б.Эрдэнэчимэг эгчийн нууцлаг найз нарын нэг. “Би уг нь хооллох юм өгч, зургийг нь бас авна. Хүүхдүүд рүүгээ явуулаад “Та нар ирэхгүй болохоор ийм нэг найзтайгаа л цуг аж төрж байна даа” гэж хэлэхээр тэд минь шоолдог” хэмээн эгч өгүүлнэ.



Тэдний компани ийнхүү 8 дугаар сард тарих үрээ бэлдэх ба тарьсан мод суулгацаа 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 20-ныг хүртэл зах зээлд борлуулдаг байна. Харин ногоон байгууламж бүтээхэд зориулж хамтран ажиллагч газрын төслийн шугамаар орж ирсэн мөнгөөр үржүүлгийн газрын ажилтнуудаа санхүүжүүлдэг ажээ.


Д.Отгонбаяр, Б.Эрдэнэчимэг гэх байгальд ээлтэй, мод ургамалд хайртай энэ хоёр эрхэмд тулгамдаж буй нэг л асуудал бий. Бусдыг нь тэд өөрсдөө болгоод явчихдаг. Харин тарьж суулгасан мод ургацаа Улаанбаатарт очиж борлуулахад талбайн түрээсийн асуудал хөндөгддөг байна. Тиймээс ч Төрийн байгууллага, БОАЖЯ-наас нарийн бодлого, зохицуулалттайгаар Улаанбаатар хотоос хол орших мод үржүүлгийн газруудад хавар, намартаа мод суулгац, жимс ногооны үрээ тарьж борлуулах талбайгаар хангаж өгвөл бидэнд хангалттай хэмээн Б.Эрдэнэчимэг эгч хэлж байв. Яг энэ үед Д.Отгонбаяр захирал ярианд оролцож “Бид үнэгүй хөлслөхгүй ээ, ядаж түрээсийг нь хөнгөлөх, жил бүр очоод зогсчих найдвартай талбайтай л болох нэн тэргүүний хүсэлт байна” гэж нэмэрлэх нь тэр.









Яг энэ асуудлаас бол тэд тарьсан мод, модныхоо үрийг ченжүүдэд зарчихдаг байна. Мод үржүүлгийн газарт ирж шив шинэхнээр нь авч явсан модод, үр зэргийг Улаанбаатар хотын “Барилгачдын талбай”-д аваачин борлуулдаг гэнэ. Б.Эрдэнэчимэг нэг удаа хот орж, үзэсгэлэн худалдаан дээр өөрийнх нь тарьж ургуулсан мод, хурааж авч хатаасан үрийг гурав дахин өндөр үнээр зарж борлуулж байсныг мэджээ. Мөнхүү яма рч арчилгаагүй болоод зарим моддынх нь навч нахиа гандаж, үр жимс нь хатсан байсныг үзээд сэтгэлд нь ихээхэн эмзэглэл төрж байсныг дурдав.


“Би өнөөдрийн байдлаар 16 орчим мод үржүүлгийн газрыг удирдаж байгуулсан. Бидэн дээр Төр, засгаас нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Миний харж буйгаар Сэлэнгэд сайн дураараа мод таръя гэсэн хүмүүс олон бий. Тэд л үржүүлгийн талбайд маань ирж уулзаж, зөвлөгөө аваад явдаг. Гэтэл бид өөрсдийн хөдөлмөрийнхөө үр шимийг зах зээлд сурталчлан таниулах, зарж борлуулах талбайгүйгээс болоод хайран моддоо ченжүүдийн гарт сүйтгүүлж байсандаа харамсах сэтгэл төрсөн” гэдгээ Б.Эрдэнэчимэг эгч нууж хаалгүй хэлсэн юм. Сэтгэлдээ мөрөөдөж, хөлс хүчээ гарган байж тарьж ургуулсан бүхэн нь ашиг хонжоо хайгчдын гараар сүйдсэнд бухимдах сэтгэл төрсөн нь энэ.


Байгалиа гэх сэтгэлтэй энэ хоёр эрхэм өөрсдийн компаниараа дамжуулан Тужийн нарсан ойн 400 га газарт таримал ойн арчилгаа явуулжээ. Тэгснээ урьдын эмзэглэсэн асуудлаа мартаж орхиод “Одоо бол Тужийн нарс мөхөх аюулаас бүрэн аврагдсан. Бид үүнийг бахархал дүүрэн хэлж чадна” хэмээн инээмсэглэн зогсох нь бахдам.


-НАРСАН ДУНДАХЬ АЛСЫГ ХАРАГЧ-



Монгол Улсын Байгаль орчны яамны хүсэлтээр БНСУ-ын “Юүхан Кимбэрли” компани болон Зүүн хойд Азийн “Ойн форум” хамтран тус ойг сэргээх ажлыг 2003 оноос эхлүүлсэн билээ. Энэхүү ажил эхэлснээр 12 жилийн дараа гэхэд л нийт 3.250 га талбайд бүгд 10.130.000 нарс модны тарьц суулгасан байдаг. Энэ л үеэс Монгол Улсад анх удаа таримал ойн арчилгаа хийх технологийг нэвтрүүлж жил бүрийн ойжуулсан газрын 100 га талбайд арчилгааны ажил явуулж эхэлсэн нь өдгөө ч үргэлжлэн хийгдэж байна.  


Анх 70 хувь устсан хэмээн мэргэжилтнүүд тогтоож байсан Тужийн нарсан ой өдгөө 100 хувь бүрэн сэргэжээ. Мөнхүү 2018 онд БНСУ-ын “Юүхан Кимберли” компани 10 метр өндөр, 6 метр урт, 5 метр өргөнтэй цамхаг байгуулсан байна. Ингэснээр орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын аялагчид нарсан ойг бүхэлд нь харж, байгаль экологитой танилцах бүрэн боломж олджээ. Тус цамхаг нь Буур хээрийн талын Оргидог булагаас урагш салж явах замд байх бөгөөд Баянбулагийн эх гэдэг газар баригджээ. Ийнхүү нарсан ойн тус хэсгийн нөхөн сэргээлтийг хийсэн компанийн нэрээр буюу “Юүхан Кимбэрли ой” хэмээн нэрийдсэн байна.


Нарсан дундахь алсыг харагч гэмээр тус цамхагийн дээр гарахад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумдын нутаг, арцнаас ч ногоон нарсан ой үзэгдэнэ. Мөнхүү цамхагийн дээд тавцанд алсыг харах хоёр ч дуран байрлуулсан байх бөгөөд түүгээр шагайж үзвэл холын юмыг алган дээр дэлгээд тавьчих шиг гойд сайхан харуулах нь тэр. Бусдын  хөдөлмөр, байгалиа хайрлах чин сэтгэлд үндэслэж сэргэсэн Тужийн нарсан ой устаж, мөхөх аюулаас бүрэн аврагдсан нь илхэн харагдана.


Энэ ногоон ойн хэчнээн мянган моддыг Д.Отгонбаяр, Б.Эрдэнэчимэг гэх эрхмүүд тарьж, хэдэн шөнийн нойроо хугалсан арчилгаа хийж зүтгэсээр өнөөдрийн мөнх ногоон моддыг ургуулсан бол хэмээн бодлоо. Тэд хөлс хүчээ урсган байж энэ бүхнийг бүтээж, ирээдүй хойчдоо энэ хэвээр нь өвлүүлэн үлдэхээр зүтгэж явна. Хөлсөө урсгасан, хичээнгүй зүтгэсэн хэн бүхэн хүндлэгдэх, хайрлагдах учиртай билээ.







Гэрэл зургийг | Б.Чадраабал

Холбоотой мэдээ