Мэргэжлийн сургалт, боловсролын талаар ЮНЕСКО-гоос гаргасан тайланг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-08 16:54:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын талаар НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гоос гаргасан бодлогын тойм шинжилгээний тайланд мэргэжлийн сургалт, боловсролын санхүүгийн менежментийг сайжруулах хэрэгтэй хэмээн тусгажээ. Цаашлаад бодлогын тайланд:

  • техник, мэргэжлийн сургалт, боловсролын засаглал, менежментийн үр нөлөөг дээшлүүлэх, 
  • Техник, мэргэжлийн сургалт, боловсролын хөтөлбөрийг бүх насны хүмүүсийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх, 
  • хөдөлмөрийн зах зээлийг мэдээллийг Техник мэргэжлийн боловсрол, сургалтад үр дүнтэй ашиглах зэргийг тусгасан байна. 

Уг тайланг танилцуулах үйл ажиллагаа НҮБ-ын төв байранд өнөөдөр болж, ЮНЕСКО-гоос гаргасан тайланг НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра ХНХ-ын сайд А.Ариунзаяад албан ёсоор гардуулав. 

Манай улсын ХНХЯ 2018 онд Монгол Улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого, зохицуулалт, энэ салбарт тулгамдаж буй зүйл, ололт амжилтын талаар цогц тойм дүн шинжилгээ хийлгэх саналыг ЮНЕСКО-д тавьж, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт шинэчлэл хийхэд Монгол Улсын Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөхийг албан ёсоор хүссэн юм. 


ХНХЯ, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО хамтран хийж гүйцэтгэсэн бодлогын тайланд мэргэжлийн сургалт, боловсролын тогтолцооны үйл ажиллагааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлд ур чадварын эрэлт үүсгэн ажлын байр бий болгох, түүнтэй холбоотой макро эдийн засгийн үзүүлэлтийг тусгажээ. Мөн салбарын тогтолцооны үндсэн бүтэц, онцлог шинжүүдийг задлан шинжилж, хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, эрэлт хэрэгцээ, манай улсын боловсролын тогтолцооны ерөнхий байдлын талаар оруулсан байна


ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ үеэр хэлэхдээ, ЮНЕСКО Монгол Улсын мэргэжлийн сургалт, боловсролын салбарт дүн шинжилгээ хийж зөвлөмж өгч буйг бид цаашдын бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлэхээ илэрхийлэв. 

Энэхүү бодлогын дүн шинжилгээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэгш, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төрөлжсөн, ногоон, дижитал эдийн засагт шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. 


Тэрээр, техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих нь Тогтвортой хөгжлийн зорилт-2030 болон НҮБ-ын хөгжлийн туслалцааны хүрээнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай шууд хамааралтайг онцлоод, Монголд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчин бэлтгэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. 

“Аливаа бодлого, шийдвэр гаргахад тооцоо, судалгаанд тулгуурлах нь чухал. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар нь манай яамны болоод Засгийн газрын, Монгол Улсын энэ тэргүүнд хөгжүүлэх ёстой салбарын нэг. Тухайлбал, ЕБС-ийн сурагчдад 7-8 дугаар ангид нь мэргэжлээ сонгох мэдлэг, мэдээлэл олгох тал дээр нь анхаарах, МСҮТ, политехник коллежуудыг хөгжүүлэх, цаашлаад хөдөлмөрийн зах зээлд ур чадвар эзэмшсэн боловсон хүчнийг хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дэмжих зэрэг бодлогын түвшинд анхаарч ажиллана” гэв.



Холбоотой мэдээ