Муланыг мартаад Монголын ялагдашгүй гүнж Хутулунтай танилц
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТХОНКОНГ. /SCMP/.
Хятадын дайчин гүнж Муланы үлгэрээс
сэдэвлэн “Disney” компанийн
бүтээсэн уран сайхны киног дэлхий даяар шүүмжилж байна. Магадгүй тус компани өөр
дайчин бүсгүйн дүрийг сонгох хэрэгтэй байсан юм болов уу?
Ардын үлгэртэй
харьцуулбал Монголын дайчин гүнж Хутулуны түүх илүү бодит бөгөөд батлах зүйлс ч
олон бий. Тэрбээр Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн гүнж бөгөөд Юань гүрнийг үүсгэн байгуулсан Хубилай хааны үеэл юм.
Хутулун аавынхаа
хамт Монголын нүүдэлчин хэв маягийг хамгаалахын тулд Хубилай хааны эсрэг дайтаж
байсан тулаанч нэгэн юм. 1260-аад оны үед төрсөн Хутулун 14 ахтай бөгөөд морь
унах, сур харвах, бөх барилдах эрдмийг сайн эзэмшсэн нь нэр алдарт хүрэхэд
нөлөөлжээ.
Бөхийн барилдаан,
морин уралдаан, сур харваа нь Монголын үндэсний спортын төрлүүд
хэвээр байгааг өнөөгийн монголчуудын эрийн гурван наадам хэмээх уламжлалт баяраас харагдана.
Чингис хаан
Монголын эзэнт гүрнийг байгуулсан 1206 оноос үүдэлтэй энэхүү баяраа энэ онд хаалттайгаар
зохион байгуулсан нь уг баярт ямар их ач холбогдол өгдгийг батлан харуулж
байна.
Монголын тал нутаг нь бөхийн барилдааны түүхтэй салшгүй холбоотой. Монголоос өнгөрсөн хугацаанд олон алдартай бөх төрсний зэрэгцээ 1990-ээд оноос хойш олон залуу сүмод хүч үзэхээр Японыг зорьжээ.
Асашёорюү Акинори,
Хакүхо Шо, Харүмафүжи Кохэй, Какүрю Рикисабүро хэмээх Япон нэрээрээ алдаршсан Монголын
дөрвөн бөх ёкозүна буюу их аваргын цолд хүрсэн бөгөөд Японы иргэдийн дунд Монголын
сүмочид хамгийн алдартайд тооцогддог ажээ.
Мөн Монголын тамирчид
холимог тулааны спортын төрөлд ирээдүйд амжилт гаргах төлөвтэй байна. Жишээ нь З.Шинэчагтага, Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Ж.Нарантунгалаг зэрэг тамирчдын ачаар уг спортыг сонирхогчдын
хүрээ тэлэх болжээ.
Монгол бөхчүүдийн
нийтлэг нэг зүйл нь бүгд эрэгтэй байдаг. Монголд олон зууны турш
эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөггүй байсныг орчин үеийн бөхчүүдийн
өмсгөл, үйлдэл нотолдог байна.
АНУ-ын “Macalester” коллежийн профессор, хүн судлаач Жек Уэтерфорд
2010 онд “Lapham’s Quarterly”
сэтгүүлд энэ талаар тайлбарлахдаа, “Тэд дээгүүрээ урт ханцуйтай хантааз өмсдөг
боловч энэ нь мөр хэсгийг далдалдаггүйгээс гадна цээжин хэсэг нь бүхэлдээ ил
харагддаг. Ингэснээр зөвхөн эрчүүд өрсөлдөж байгааг нотолдог” гэжээ.
“Мөн барилдаан
бүрийн төгсгөлд давсан бөх нь гараа өргөн цээжээ харуулж, шувууны нэгэн адилаар
гараа удаанаар дэвдэг. Давсан бөхийн хувьд энэ нь ялсны илэрхийлэл боловч үүнийг Монголын
түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй бөх болох нэг ч эрд ялагдаж үзээгүй гүнжид хүндэтгэл
үзүүлэн хийдэг” хэмээн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын
зохиолч Ж.Уэтерфорд бичсэн байна.
Хэдийгээр гүнж 13
дугаар зууны үед бөхийн аварга болсон боловч тухайн үеэс хойш эрчүүд зөвхөн
эрчүүдтэйгээ барилдах болжээ.
Хутулун өөрийг нь
давсан эртэй гэрлэнэ хэмээн зарласан боловч тэрбээр огт ялагдаагүй байна. Эрчүүд
түүнтэй барилдахын тулд морьдоор дэнчин тавьдаг байсан тул тэрбээр 10
мянган адуутай болсон нь тухайн цаг үеийн аль ч эзэн хаанд байгаагүй сүрэг ажээ.
Эдгээр баримт нь
Марко Поло болон тухайн үед Ази дамнан аялсан Персийн зохиолч Рашад аль-Диний бичсэн
түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мөн Хутулуны гэрлэлтийн талаарх янз бүрийн таамаг байдаг.
Аль-Диний
бичсэнээр, гүнж Газан хэмээн Монголын удирдагчид дурлан түүнтэй гэрлэсэн ажээ.
Харин өөр түүхүүдэд тэмдэглэснээр, тэрбээр аавынхаа туслахуудын нэгэнтэй юм уу
хоригдлуудын нэгэнтэй гэрлэсэн байна. Мөн түүнийг аавтайгаа цус ойртсон гэх цуу
яриа гарсан тул барилдахгүйгээр гэрлэхэд хүрсэн гэж зарим нь үзжээ.
Хайду хаан 1301
онд таалал төгсөх үедээ охиноо хаан ширээнд өргөмжлөх хүсэлтэй байсан
боловч хөвгүүд нь эсэргүүцжээ. Хутулун 1306 онд таалал төгссөн хэдий ч тэрбээр
олны ой ухаанд амьдарсаар ирсэн байна.
Хамгийн сүүлд
түүний дүрийг БНСУ-ын жүжигчин Клаудиа Ким “Netflix” компанийн “Марко Поло” цувралд бүтээсэн боловч хоёр
бүлэг гарсны дараа уг цувралыг зогсоосон юм.
Хутулуны түүхээс
сэдэвлэн бүтээсэн илүү алдартай бүтээл бол дэлхийн хамгийн алдартай дууриудын нэг “Турандот”
хэмээх Жакомо Пуччинигийн уран бүтээл юм. “Турандот” хэмээх нэр нь перс хэлээр “Туран”-ы
охин хэмээн утгатай аж. Туран нь Персийн эзэнт гүрний дор оршиж байсан Төв Азийн
улс юм.
Энэ түүх он
цагийн хугацаанд олон янз болж өөрчлөгдсөн бөгөөд Өрнөдөд хэрхэн өөрчлөгдөн
очсон нь “1001 өдөр” хэмээх 1712 оны номд орсон Франсуа Пети де ла Круагийн
үлгэрээр нотлогддог байна. Сүүлд “Турандот” дуурийг уг үлгэрээс сэдэвлэн бүтээжээ.
Үүнд, “Турандот”-ыг
өөртэй нь гэрлэх хүсэлтэй эрчүүдийг гурван оньсогоор шалгадаг Хятад гүнж гэж
бичсэн байдаг ба хариулж чадаагүй тохиолдолд тэднээс морьдыг нь бус амийг нь авдаг
байсан хэмээн тэмдэглэсэн байдаг аж.
Ж.Пуччиниг 1924
онд нас барах үед хараахан дуусаагүй байсан “Турандот” дуурь нь 1926 онд бүрэн
дууссанаасаа хойш дэлхий дахины дуурийн театруудад тоглогдох болжээ.
Түүхэн дэх
хамгийн алдартай тулаанчдын нэг хэмээн нотлогдож буй Хутулуны түүхийг тэр бүр
хүмүүс мэддэггүй. Хутулун нь өөрөөр Айюруг болон Айярук хэмээн алдаршсан нь бүгд сарны туяа гэсэн утгатай ажээ.
Хэрвээ Монголоос
Хятадын Жан Вэйли, Сингапурын Анжела Ли шиг холимог тулааны нэртэй эмэгтэй
тамирчин төрвөл Хутулунаас илүү өндөр амжилт үзүүлэх болов уу?