Хэнтий аймгийн тариаланчид зөвлөлдлөө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-14 09:17:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар "Хэнтий аймгийн тариаланчдын зөвлөгөөн" -ийг зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат оролцож, тариаланчдынхаа үйл ажиллагаатай нь танилцаж, санал солилцлоо. Энэ үеэр тариаланчдын зүгээс болон Хурх тосгоны захирагчийн тавьсан нэн шаардлагатай зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Тухайлбал, аймгийн зүгээс Хурх тосгоны тариалангийн бүс нутагт ажилладаг цагдааг тогтвортой ажиллуулах, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарахаа илэрхийлж, тариалангийн ААН-үүдийн дэмжлэгээр тухайн цагдааг эргүүл хяналтын автомашинаар хангахаар боллоо.

Хурх тосгоны захирагчид хуулийг орон нутагтаа хэрэгжүүлж, хууль ёсоор тариаланчдад эзэмшүүлж буй тариалангийн бүсэд нэвтэрч суурьшсан малчидтайгаа зөвшилцөн ярилцаж, тариаланчид-малчид-төр гэсэн гурвалсан гэрээ байгуулан тухайн малчдыг шаардлага хангахуйц өвөлжөө хаваржааны газраар хангаж, олон жил бугшсан уг асуудлыг цэгцлэх үүрэг өглөө. Энэ ажилд тариаланчдын зүгээс малчдыг нүүлгэн шилжүүлэх зардлыг хариуцан дэмжиж ажиллана гэв.

Мөн аймгийн хэмжээнд тариалангийн бүс нутагт данслагдсан боловч ашиглаагүй удсан газруудыг эргэлтэд оруулж, жилд авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судлан ажил хэрэг болгохыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад сануулав.

Эцэст нь Хурх тосгоны төвөөс хойш 12 км зайд байрлах тариалангийн бүс нутаг Яргайт руу цахилгаан дамжуулах агаарын шугам холбох ажлын талаар судлан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ