1394 өрхийн 5561,4 мянган толгой мал отор нүүдэл хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын долооны байдлаар Говь-Алтай аймгийн 1394 өрхийн 5561,4 мянган толгой мал отор нүүдэл хийж байна.
Тодруулбал, тус аймгийн тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас, аймаг дундын отрын бүс нутаг, өөрийн аймгийн бусад сумын болон өөр аймгийн гээд таван бүс нутагт Дэлгэр, Бигэр, Эрдэнэ, Чандмань гэх мэт урд бүсийн сумдын малчид отор нүүдэл хийж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээр баталсан байна. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 270 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 230,1 тн өвс, 36,5 тн тэжээл бэлтгэжээ.
Говь-Алтай аймгийн нийт нутгийн дийлэнх хувь нь бэлчээрийн даац хэтэрсэн тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг холбогдох албанаас анхааруулсан юм.