Дэлхийн аялал жуулчлалын салбар 460 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-16 09:40:01

МАДРИД. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал буурснаар 2020 оны эхний хагас жилд дэлхийн аялал жуулчлалын салбар 460 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ тухай НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага мэдэгдэв. 


“2020 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаанд олон улсын аялал жуулчлалын эрэлт огцом буурсан нь 460 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэжээ. Үүнийг 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийн нөхцөл байдалтай харьцуулахад 5 дахин илүү үзүүлэлт юм” хэмээн мэдэгдэлд дурдав.


Халдварт өвчнийг тогтоон барихын тулд улс орнуудад хил хааж, хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсний улмаас энэ оны эхний хагас жилд олон улсын аялал жуулчлалын үзүүлэлт 65 хувиар буурсан тухай мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна.


Цар тахлын улмаас Азийн орнууд хамгийн их хохирол амсжээ. Тэнд жуулчдын урсгал 72 хувиар буурсан байна. Хоёрдугаарт Европ орж байгаа бөгөөд жуулчдын урсгал 66 хувиар буурчээ. Харин Африк болон Ойрхи Дорнодод аялагчдын тоо 57 хувиар буурав. 

Холбоотой мэдээ