Жалсрай гэгээний цаасан шуумал хөрөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-22 13:17:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ 1700 оны орчимд бүтээсэн Жалсрай гэгээний цаасан шуумал хөргийг Өмнөговь аймгийн музейд хадгалж байна. 

Уг цаасан шуумлыг Баяндалай сумын Байшинтын хийдийн бурханч лам Ейжиг Алдар бүтээсэн бөгөөд Ноён сумын иргэн Ю.Сосорбарамаас 1976 онд аймгийн музейд авсан байна. Уг цаасан шуумлын бодит дүр нь Байшинтын хийдийн хамгийн том лам  олны дунд буурал гэгээн гэж алдаршсан Цаянжамц хувилгааны хойт дүр Жалсрай гэгээнтэн юм. 

Цаянжамц амьдралынхаа сүүлийн жилүүдийг Альшаа нутагтаа өнгөрүүлж тэнд таалал төгсчээ. Түүний төөрөгт хойд  дүрийг ар Монголын Сайн ноён хан аймгийн Ёст Бэйсийн хошуунд өргөмжлөн үе залгамжлуулахаар буусан гэдэг. Тус хошууны их зурхайч Аяа гэгч мэргэ төлөг татаж үзээд Альшаа нутагтаа төржээ гээд өөрөө олж ирэхээр Альшаа нутгийг зорьжээ. Тэр мэргэлсээр Альшаагийн нэг жижиг тосгонд очиход нэгэн шавар довон дээр хэсэг хүүхэд тоглож байв. Ойрхон очоод мэргэлээд үзсэн чинь “Зорьсон хэрэг бүтэмжтэй” гэж буув. Тэрээр хүүхдүүд дунд миний эрсэн хувилгаан байх ч юм билүү гээд эрхээ эргүүлж суутал нэгэн хөвгүүн ойртож ирээд “Та яагаад миний эрхийг бариад сууж байгаа юм бэ? Би эрхээ авмаар байна“ гэсэнд Аяа зурхайч хүүг ажиглавал нас биеийн хувьд эрсэн хүүхэд нь мөн байж болохоор боловч толгой биеийг нь яр барьсан нэлээд ядуу амьдралтай нэгэн байжээ. Хүүг дагуулан гэрийнх нь гадаа очиж амьдралтай нь танилцахад арван нэгэн хүүхэдтэй туйлын ядуу амьдралтай айл байв. Төөрөг ёсоор хүүгийн нас жил, мэнгэ тохирсон тул “Танай хүүг манай ар Монголд Ёст Бэйсийн хошуунд Жалсрай гэгээнээр залах болсон тул авч явна" хэмээн хэлж хүүг бэлтгэн анх Баяндалай сумын Байшинтын хийд буюу Гүнчивлин хийдэд залжээ. 

Жалсрай гэгээн нь Халхын Балдан засгийн хошуунд нийтдээ гурван дүр хувирсан гэгээнтэн гэж үздэг байна. Түүний 3-р дүрийн гэгээн Зундуйжамц Алаша баруун хошуунд төрсөн бөгөөд 8 наснаасаа гэгээнээр тодроод одоо Эзнээ хошууны сүмийн ламаар залагдсан юм. Эдүгээ Эзнээ хошууны Дашчойлон хийдийн тэргүүн ламаар сууж байгаа билээ.


Холбоотой мэдээ