Мал аж ахуй дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлэх наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-18 23:07:36

Завхан/МОНЦАМЭ/. Өнөөдөр тус аймагт “Таван эрдэнэ” наадам нээлтээ хийлээ. Наадмын үеэр Завхан аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зөвлөгөөн, нутгийн шилмэл малын үзэсгэлэн, нутгийн брэнд, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан болон ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд  Завхан аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй юм.


Тус арга хэмжээнд Завханы 24 сумын 300 гаруй малчин оролцож байна. Арга хэмжээний хүрээнд дээрх төслийн үйл ажиллагааг танилцуулан, нийгмийн даатгал, малын чанар, түүхий эдийн чанар сайжруулалт болон зах зээлтэй холбоотой яриа, хэлэлцүүлэг зөвлөгөөн боллоо. Таван эрдэнэ наадмын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Завхан аймгийн Засаг Дарга Д.Батсайхан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын  Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан Захирал Пьер Ив-Люка болон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, ХХААХҮЯ-ны төлөөлөлүүд оролцлоо.

 

Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: -“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь гэдэг нэртэй төсөл агуулгын хувьд ч, олон улсын байгууллагуудтай хамтарсан анхны төсөл гэдгээрээ ч онцлог. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах замаар эдийн засгийн хувьд идэвхтэй эд эс болоход нь түлхэц үзүүлэн цочролд өртлөө гэхэд  халамжаар тэтгэгдээд байх бус бэлэн байдлаа хангасан байхад сургах нь төслийн зорилго юм. Сүүлийн жил гаруй хугацаанд хөдөлмөрч, тууштай иргэдтэй Завхан аймагт амжилттай хэрэгжсэн энэ төсөл цаашид улс орон даяар хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Мал аж ахуй дагасан үйлдвэрлэлийг улс орон даяар хөгжүүлж, малчин хүн бол бизнес эрхлэгч гэдгийг харуулах цаг үед бид ирээд байна” хэмээв.  

Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа: -“Ковид-19 халдвараас үүдэлтэйгээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа энэ үед ганцхан хөдөө аж ахуйн салбарт л өсөлт гарлаа. Энэ нь мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх замаар малчдын санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй болохыг харуулж байна. НҮБ-ын ХХААБ нь нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хурдасгах, аливаа эрсдэл гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Бид хүнсний тогтолцоо, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээнд шууд нөлөөлөх ажлуудыг зохион байгуулан ажилладаг.

Хамтарсан төслийн хүрээнд аливаа эрсдэлийг даван туулах чадвар,  малчдад малын “шилэн” сонголт,  тохируулан сонголт, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийн талаарх мэдлэгийг олгох болсон. Үр дүнд нь илүү ашиг шимтэй, бүтээмж өндөртэй цөөн малаас чанартай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж малчдын орлого нэмэгдэх бөгөөд цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгаль орчиндоо ээлтэй байх юм” хэмээн онцлов.

 Шилмэл малыг танилцууллаа

Арга хэмжээний хүрээнд шилмэл үүлдрийн малын үзэсгэлэн худалдаанд 24 сумын 40 гаруй малчин нутгийн онцлог шилмэл малыг үзүүллээ.

Энэ үеэр Завхан аймгийн байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон үржлийн шилмэл үүлдэр, омгийн малыг танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь малын чанарыг сайжруулах, зах зээлийн үнэ, ашиг шимийг нь нэмэгдүүлэн улмаар малчдын амьжиргааг дээшлүүлж аливаа байгаль цаг уурын эрсдэл, гамшгийг даван туулахад чадварыг нэмэгдүүлэхэд дэм болох юм.

Түүнчлэн тухайн ашиг шим өндөртэй малын онцлог шинж чанар, давуу талыг мал аж ахуйн мэргэжилтнүүд малчдад танилцуулснаараа онцлог болов. Үзэсгэлэн худалдаанаас малчид өөрсдийн сүргийн бүтцэд хэрхэн анхаарах, шилмэл омгийн малын онцлог чадварын талаарх харьцуулалт хийх боломжтой юм гэж зохион байгуулагчид энэ үеэр дуулгав. Ташрамд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн дэмжлэгтэйгээр тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

24 сум нутгийн брэндээ үзүүлэв

Таван эрдэнэ наадмын бас нэгэн онцлог нь малчид болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа байв.

Энэхүү үзэсгэлэн  худалдаанд  Завханы 24 сумын өөр өөрийн онцлог, нутгийн брэнд бүхий 130 гаруй төрлийн малын түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ. Түүнчлэн байгалийн баялгийг ашиглан үйлдвэрлэсэн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс дэлгэн үзүүлсэн байв.

Мөн дотоодын ноос, ноолуур, арьс шир үйлдвэрлэгч Говь, Дархан нэхий, Монгол ноос, Эрдэнэт хивс, Монгол текстиль компаниуд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн болон түүхий эдийн чанар, шаардлага, стандартын талаар малчид, зочид, төлөөлөгчдөд танилцууллаа. Дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн түүхий эдийн чанарын шаардлагыг танилцуулснаар малчид зах зээлд ойр болоход нэг алхам ойртож байгаа юм. Мөн Завханы Нийгмийн даатгалын хэлтэс иргэд, малчдад нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хүргэж, танилцуулах сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр иргэд малчдад зөвлөгөө мэдээлэл өгч, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдахад нь дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулахаас гадна нийгмийн даатгалын гар утасны аппликэйшн ашиглах аргачлал зааврыг газар дээр нь үзүүлжээ.





Холбоотой мэдээ