Номын зах зээлд цахим хэрэглээг нэвтрүүлэх хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-19 00:46:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. М нэмэх ХХК-иас зохион байгуулсан “Бүүк форум-2020: Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах нь" хэлэлцүүлгийн үеэр нэг үе ном унших тухай ярилцаж байсан бол одоо чанартай унших тухай ярилцах цаг болсон хэмээн Хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг онцлов.

 

Тэрбээр хэлэхдээ, “Номын зах зээлд маш олон зохиолчтой боллоо. Номын зах зээл нэг үеэ бодвол маш хүчтэй сэргэлээ. Уншигчдын хувьд ч гэсэн ном унших идэвх дээшилсэн. Нэг үе ном унших тухай ярилцаж байсан бол одоо чанартай унших тухай ярилцах цаг болсон. Чанар хэмээх ойлголтод олон зүйл багтана. Нэгэнт тусгаар тогтносон бүрэн эрхт улс үндэстний оюун санааны дархлааг ном соёлын ертөнцөөр дамжуулан хэрхэн хамгаалах, түүний тулд ямар бодлого баримтлах, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж буйгаараа энэ удаагийн хэлэлцүүлэг онцлогтой” хэмээв.

 

Хэлэлцүүлгийн үеэр дэлхий нийтэд идэвхтэй хэрэглэж буй технологийг номын зах зээлд хэрхэн нэвтрүүлэх, зохиолч ямар үүрэг хариуцлага хүлээх, хэвлэн нийтлэгч ямар бодлого баримтлах талаар ном зохиогч, эрхлэн гаргагч, хэвлэн нийтлэгчдийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийллээ. Тэд хэвлэмэл буюу цаасан номоор номыг төсөөлөх аргагүй болсон. Хүн төрөлхтний нөхцөл байдал хүнд байгаа энэ үед цахим ертөнцөд илүү чанартай, илүү үндэсний хэв шинжтэй орон зайг бүтээх ямар арга зам байна вэ гэдэг талаар хэлэлцсэн юм.

 

Хэлэлцүүлэгт Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд “Үндэсний оюун санааны дархлааны цөм”, Үндэсний номын сангийн мэргэжилтэн М.Даваасүрэн “Цар тахлын үеийн номын сан”, “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл “Ном эрхлэн гаргагчдад ямар боломжууд байна вэ?”, “Орчин үеийн технологийг ашиглан номын бүтээлээ хүргэх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

 

Үндэсний оюун санааны дархлааны цөм нь үндэсний суурь филосифи болно хэмээн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд илтгэлдээ онцлов. 

Тэрбээр, “Хэл, соёл, сэтгэлгээ гэсэн нэг нэгнээс нь салгахын аргагүй шүтэлцээтэй гурван зүйл үндэстний онцлогийг тодорхойлдог. Аль нэг нь дутуудвал тогоо тавих ямар ч боломжгүй болдог тулгын гурван чулуу шиг. Гэвч гал үгүй бол тулгын гурван чулуу ч, тогоо ч байгаад нэмэргүй, гол зорилго цайгаа буцалгаж үл чадна. Харин Үндэстний хувьд тэрхүү хэл, соёл, сэтгэлгээг тодорхойлж байдаг суурь хүчин зүйл нь юу вэ? Тэр бол Үндэстний өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүй нь юм. Тэгэхээр үндэсний оюун санааны дархлааны цөм нь үндэсний суурь филосифи болно хэмээн дурдсан юм.

 

ЕБС-ийн 1000 гаруй хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 67.9 хувь нь цахим хэлбэрээр ном унших нь амар хялбар байдаг гэсэн дүн гарчээ. Цаасан номын хэвлэл бол сонгодог хэлбэр. Гэхдээ хэрэглээгээ баялаг болгохын тулд цахим хэрэглээг нэвтрүүлэх, цахим технологийн ертөнцөд өөрсдийн зах зээлийг бий болгох талаар санал санаачилгатай байх нь ирээдүй үеийнхний ном соёлд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр хөндөж байлаа.


Холбоотой мэдээ