Нийт бэлчээрийн 40 хувь нь гантай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-21 14:00:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт газар нутгийн 40 хувь нь гантай байна. 

Нийт нутгаар намаржилт тааруу, бэлчээрийн 20 хувь ногоотой, 40 хувь нь гандуу, 40 хувь гантай, Цогтцэций, Манлай, Ханбогд сумын нийт нутгаар Ханхонгор, Номгон сумын зарим хэсгээр бэлчээр сэргэж, ногоотой байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багийн 6108 малчин өрхөд энэ онд 603,0 мянган толгой төл бойжуулж, 3,6 сая гаруй толгой мал намаржиж байна. 2020-2021 онд 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарчээ. Намаржилт тааруу байгаагийн улмаас аймгийн хэмжээнд 11 сумын 444 өрхийн 319,3 мянган толгой мал өөрийн аймгийн бусад суманд, 9 сумын 140 өрхийн 148,5 мянган толгой мал гадны /Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Төв аймагт оторлож явна. Цаашид отор нүүдэл нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Бэлчээр сэргэсэн газраа олон мал бөөгнөрч бэлчээр, худаг усны хүрэлцээ хангамж дээр асуудал үүссэн тул аймгийн Засаг даргаас тухайн орон нутгийн болон тус нутгаар дайран өнгөрч байгаа отор нүүдэл, тууврын малыг бэлчээр, худаг усаар хангах боломжийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нөхцөлийг бүрдүүлэн, отроор яваа болон өвөлжих малчин өрх нэг бүртэй гэрээ байгуулж ажиллахыг зөвлөсөн албан бичгийг бүх суманд хүргүүлсэн. Мөн “Өвлийг өнөтэй даван туулъя” уулзалтыг 9 дүгээр сард зохион байгуулж, сумдын дарга нартай гэрээ байгуулан ажиллаж байна. 

Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 691 өрхийн 314,8 мянган толгой мал, хилийн зурвас газар 7 сумын 177 өрхийн 75,1 мянган толгой мал, аймаг дундын отрын бүсэд 24 өрхийн 32,1 мянган толгой мал орохоор урьдчилсан мэдээлэлтэй байна. 

Холбоотой мэдээ