Гадаадын иргэдийг зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-21 19:37:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх мэдээлэл үндэслэлгүй гэдгийг ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэв.


Улсын бүтээн байгуулалтад онцгой чухал гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс, дипломат төлөөлөгч нарыг Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу шинжилгээнд хамруулж, бүрэн шалгасны эцэст хилээ нэвтрүүлж байгаа ажээ.


Хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлэхдээ “Хил хааснаас хойш 22400 гаруй иргэнийг татан аваад байна. Мөн 48 улсаас 10400 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Ойрын өдрүүдэд таван удаагийн тусгай үүргийн онгоцоор 1000 гаруй иргэнийг татан авахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 70 тусгаарлалтын байранд 3703 иргэн хяналтад байна. Улс орны бүтээн байгуулалт, томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах гадны ажилчид, мэргэжилтнийг тусгай төлөвлөгөөний дагуу татаж байна. Гадаадын иргэдийг хилээр нэвтрэхэд нь шинжилгээнд хамруулдаг. Тусгаарлах байр руу хүргэхдээ  нэг ч зогсдоггүй. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлан, дахин шинжилгээнд хамруулсны үндсэн дээр бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байна” гэлээ.


ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн “Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хил хамгаалах байгууллага хяналт шалгалтгүйгээр иргэдийг нэвтрүүлсэн гэж ташаа мэдээлэл түгээгдсэн.  Хил хамгаалах байгууллага болон хилчдийн нэр төрд халдаж байгаа тул энэхүү мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна.  Зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн нэг ч тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.


Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Хууль зөрчсөн асуудал байхгүй. Төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл тарааж, зориудаар ийм үйл ажиллагаа явуулж байгаа асуудал дээр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтын ажиллагаа явуулах болно” хэмээсэн юм.


Холбоотой мэдээ