Азийн бүсийн боловсролын хурал Монголд анх удаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-09-23 18:22:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Инженерийн боловсролын шинэчлэлийн талаар  хэлэлцдэг "Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол-CDIO 2020" Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо өнөөдөр цахимаар боллоо. 

ШУТИС удирдан, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй улсын их, дээд сургуулийн төлөөлөл оролцлоо. 

Хурлыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нээж хэлэхдээ, “Дээд боловсролыг чанаржуулах, нэн шаардлагатай мэргэжлээр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тал дээр туршлага мэдээллээ солилцож, сайн санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа"-гаа илэрхийлэв. 

Дэлхий нийтийн өмнө "COVID-19" цар тахал том сорилт боллоо. Ийм үед дээд боловсролыг тасралтгүй, үр өгөөжтэй хүргэх, зохион байгуулах талаар зөвлөлдөж, бодитой зөвлөмж гарна гэдэгт итгэж байна гэлээ.

Хуралд олон улсын "Си Ди Ай Өү" хамтын ажиллагааны байгууллагын захирал Хелене Леон, Азийн бүсийн захирал Синг Мо болон илтгэл өгүүллээ хэлэлцүүлж байгаа 10 гаруй орны их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид онлайнаар оролцлоо.

Манай улсад анх удаа болж буй бүс нутгийн хурлаар Азийн их, дээд сургуулиуд сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй хэлэлцэж, туршлага солилцон, дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч санал санаачилгыг гарган хамтран ажиллах юм.


Холбоотой мэдээ