Өдөртөө 12-14 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-09-29 06:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.


Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 30-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм, говийн аймгуудын нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

 

Есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нд цаг агаарын урьдчилсан төлөв

 

30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна.

 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Холбоотой мэдээ