Зимбабвед заан олноороо үхсэн шалтгааныг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-09-29 12:12:35

ПРЕТОРИ. /TASS/. Зимбабве улсад нянгийн гаралтай пастереллёз өвчний улмаас өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс хойш заан олноороо үхсэн гэж тус улсын Дархан цаазат газар, зэрлэг амьтдыг хамгаалах газрын ерөнхий захирал Фултон Мангваниа мэдэгджээ.


"Өнөөдрийг хүртэл хийсэн судалгааны бүх үр дүн заануудын үхлийн шалтгаан нь пастереллёз буюу цусан халдварт өвчин болохыг харуулж байна" гэж тэрбээр мэдэгдсэнийг Өмнөд Африкийн “SABC” радиостанц дамжуулсан байна.


Фултоны мэдээлснээр, одоогийн байдлаар 34 заан үхсэн бөгөөд энэ өвчнөөр дахин олон амьтан үхэж магадгүй байгаа аж.


Пастереллёз өвчний үүсгэгч бичил биетэн бөгөөд гэмтсэн арьс эсвэл хазуулсан хэсгээр дамжин цусанд орж, дотоод эрхтнүүдийн цус алдалт үүсгэдэг бөгөөд энэ нь улмаар үхэлд хүргэдэг байна. Пастереллёз нь Африкийн өмнөд хэсэгт амьтдын дунд түгээмэл тохиолддог аж. Зимбабвед наймдугаар сарын 29-нд Виктория хүрхрээний ойролцоох Хванге дархан цаазат газраас 12 заан үхсэн олдсон байна. Дараагийн өдрүүдэд хорь гаруй үхсэн зааныг олж илрүүлжээ. Тус улсын эрх баригчид үхсэн амьтдын эд эсийн дээжийг дэлхийн хэд хэдэн шилдэг лабораторид илгээж, олноороо үхсэн шалтгааныг тогтоосон байна.


Зимбабвегийн дархан цаазат газруудад 90 мянга орчим заан зэрлэг байгалийн нөхцөлд амьдардаг. Харин Африк тивд нийтдээ 350 мянган заан байдаг аж.


Холбоотой мэдээ