Суданд хөрс нурсны улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ХАРТУМ, 2025 оны есдүгээр сарын 2 /BBC/. Бүгд Найрамдах Судан Улсын баруун нутгийн алслагдмал орших Марра ууланд хөрс нурсны улмаас 1000 хүн амиа алдсан гэж “Суданыг чөлөөлөх хөдөлгөөн” босогчдын бүлэглэлээс мэдэгджээ.
Аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орсны дараа ням гарагт хөрс нурсны улмаас Тарасин тосгоны ихэнх байшин газартай тэгшлэгдэж, ганцхан хүн амьд үлдсэн гэж тус бүлэглэлийн мэдэгдэлд дурдсан байна. Улмаар тэд НҮБ болон бусад бүс нутгийн, олон улсын байгууллагуудаас хүмүүнлэгийн тусламж хүсжээ.
Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний /RSF/ хоорондох дайны улмаас орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн Хойд Дарфур мужийн олон оршин суугч Марра нурууны бүсэд хоргодож байжээ. 2023 оны дөрөвдүгээр сард арми болон RSF-ийн хооронд дэгдсэн иргэний дайны уршгаар тус улсад өлсгөлөн нүүрлэж, Дарфурын баруун нутгийн оршин суугчдыг хоморголон устгасан гэх мэдээлэл гарчээ.
Иргэний дайны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоон мэдээлэл эрс зөрүүтэй байгаа боловч өнгөрсөн онд АНУ-ын албаны хүний гаргасан тооцоогоор, 2023 онд дайн эхэлснээс хойш 150 мянга орчим хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн 12 сая орчим хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ.
Хөрсний нуралт үүссэн газар нутгийг хянадаг “Суданы чөлөөлөх хөдөлгөөн”-ий фракцууд Суданы армитай мөр зэрэгцэн RSF-ийн эсрэг тэмцэхээ мэдэгдсээр ирсэн байна. Угсаатны хувьд холимог бүс нутгийг Арабын захирдаг газар нутаг болгон өөрчлөхийн тулд RSF болон тэдний холбоотон босогчид дайн хийсэн гэж олон дарфурчууд үздэг ажээ.