Сайд Н.Энхтайваны айлчлалаар хөндсөн эдийн засгийн асуудлууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-09-29 16:30:55

Шинэ засгийн газар байгуулагдсанаар үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван анхны албан ёсны айлчлалаа 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-д хийлээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар хийсэн уг айлчлалын явцад уламжлал ёсоор хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол-Оросын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудаар санал солилцов.  


Айлчлалын үеэр сайд Н.Энхтайван, С.Лавров нар хугацаагүй байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсоноор уг гэрээ хүчин төгөлдөр болж байна. Нэг жилийн өмнө 2019 оны 9 дүгээр сарын 3-нд хоёр улсын төрийн тэргүүн Х.Баттулга, В.Путин нар гэрээнд гарын үсэг зурж, улмаар хоёр улсын парламент уг гэрээг соёрхон баталсан билээ.

Гэрээ хүчин төгөлдөр болсноор хоёр хөрш улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болж байна. Хугацаагүй гэрээ байгуулна гэдэг бол дипломат үйл ажиллагааны практикт тэр бүр тохиолдоод байдаггүй ховор үйл явдал гэдгийг сайд С.Лавров онцлон тэмдэглэлээ.


Сайд нар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхийн тулд тодорхой төлөвлөгөө гаргасны үндсэн дээр улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Д.Сүхбаатар, С.Данзан нар Монгол-Оросын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хоорондын Гэрээнд гарын үсэг зурах үеэр. 1921 оны 11 дүгээр сарын 5


Ташрамд дурдахад, ирэх 2021 онд энэхүү 100 жилийн ойгоос гадна 1936, 1946, 1966 онд БНМАУ-ЗХУ-ын хооронд байгуулж байсан Найрамдал хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээнүүд болон протоколыг баталсны 85, 75, 55 жилийн ойнууд тус тус тохионо.


Монгол-Оросын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх нь


ОХУ, Монгол Улс хоёр бол олон жилийн уламжлалт сайн хөршийн харилцаатай улсууд билээ. Гэтэл хамтын ажиллагааны асар их нөөц боломжийг эдийн засгийн салбарт бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаад хоёр улсын удирдагчид, улстөрчид, албан тушаалтнууд, ард иргэд сэтгэл дундуур байдаг. Монгол, Оросын улс төрийн харилцааны өндөр түвшинтэй харьцуулан үзвэл худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны түвшин илт чамлалттай байгаа юм.


Ийм учраас сайд Н.Энхтайван хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг түлхүү хөндсөн бөгөөд энэ нь түүний Москвад хийсэн айлчлалын ач холбогдлыг илтгэж байна.


Айлчлалын үеэр хоёр тал худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж, 2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлах талаар ярилцлаа.


Энэ хүрээнд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон суурь бүрэлдэхүүний шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр тохиролцлоо. Талууд мөн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх сонирхолтой байна.


Түүнчлэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах, “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэх нь чухал гэж үзлээ.


Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо 


Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг бол гадаад харилцааны арга хэрэгслээр эдийн засгийн өгөөжийг дэмжих явдал билээ. Үүний тулд Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Энэ зорилтын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтэй уулзлаа.

Евразийн эдийн засгийн холбоо /ЕЭЗХ/ нь 2015 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар холбооны бүрэлдэхүүнд ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армен гэсэн 5 улс багтдаг.


2015 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулснаар Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцааны эхлэл тавигдсан бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхдугаар хуралдааныг 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо, хоёр дахь хуралдааныг 2016 оны 11 дүгээр сард Москва хотноо тус тус зохион байгуулж байжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров 2016 онд манай улсад айлчилж, “Зүүн Хойд Азийн талаарх ОХУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншихдаа “ЕАЭЗХ-ны бүтээн байгуулалт ба Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн төслийг хооронд нь уялдуулах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьж байна. 2015 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан Санамж бичигт үндэслэн ЕАЭЗХ-Монгол гэсэн форматаар хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцлон тэмдэглэж байв.


Монгол Улс тус Холбооны гишүүн орнуудтай хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Одоогоор Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх, Монголд ачааны вагон нийлүүлэх, мөн иргэний агаарын тээврийн барилга байгууламж, эрчим хүчний инженерчлэл, газрын хэвлий ашиглалт, төрийн удирдлагын автоматжуулалт болон зам барилгын чиглэлээр хамтран ажиллах төслүүдийг хэлэлцэж байна. Түүнчлэн аж үйлдвэр, цэрэг-техник, цөмийн эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар хамтран ажиллах боломжийг судалж байгаа юм. Өнгөрсөн онд Орос-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулах тухай хэлэлцээрийг байгуулсан бол 100 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Казахстан-Монголын шууд хөрөнгө оруулалтын сан байгуулагдаад байна.


Монгол Улсын эдийн засгийн багтаамж харьцангуй бага ч гэсэн ЕЭЗХ-той түүхэн хэлхээ холбоотой бөгөөд газарзүйн байрлалын хувьд тус холбооны гишүүн орнуудтай хөрш зэргэлдээ оршдог.  Манай улс тус холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд 183 сая хүн амтай нэгдмэл зах зээлд тарифын болон тарифын бус хязгаарлалтгүйгээр нэвтрэх боломж нээгдэнэ. Евразийн эдийн засгийн комиссын хийсэн тооцоогоор, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар хоёр талын худалдааны эргэлт 250 сая ам.доллароор өсөх төлөв харагдаж байна.


МҮХАҮТ-ын мэдээлэлд дурдсанаар, Монголоос тус холбооны гишүүн орнууд руу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортлоход гаалийн татвар 15-25 хувь, нэмэгдсэн өртгийн татвар 12-20 хувь байгаа ажээ. Тодруулбал, Оросын тал Монголын сүлжмэл хувцас эдлэлд 10 хувь, хивсэнд 20 хувь, мах, махан бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж байна. Гэтэл ЕЭЗХ-ны гаалийн нэгдсэн тариф нь 3-5 хувь, хамгийн ихдээ 10 хувиас хэтэрдэггүй.


Евразийн Гаалийн холбоо нь барааны нэгдсэн ангилал, гаалийн нэгдсэн тариф ба тарифын хөнгөлөлтийн нэгдсэн системтэй бөгөөд гишүүн орнуудын хооронд барааг гаалийн мэдүүлэг, хяналт шалгалтгүйгээр чөлөөтэй нэвтрүүлдэг. Түүнчлэн гишүүн орнууд хоорондын худалдаанд тусгай хамгаалалтын, демпингийн эсрэг болон нөхөн төлбөрийн арга хэрэгслийг хэрэглэдэггүй нь Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг эдгээр оронд экспортлох боломжийг сайжруулах юм.


Сайд Н.Энхтайван айлчлалынхаа үеэр Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн Худалдааны сайдтай уулзаж, ЕЭЗХ ба Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой шийдвэр мөн.


Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ