Эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг бизнес эрхлэгч нарт танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-29 16:53:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх үүднээс “Ногоон технологи” өдөрлөгийг ирэх сарын 2,3-нд "Блю скай" зочид буудалд зохион байгуулна.

Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, олон нийтэд танилцуулна. Мөн "Хас" банк, "Хаан" банк, "Төрийн банк"-аар хэрэгжүүлж буй “Ногоон зээл”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгч, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд чиглэж байгаа. БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулах өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл оролцож, нийгмийн хариуцлага, байгаль орчны манлайлал үзүүлж, хандлагаа өөрчлөн, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгоно. Мөн салбарын мэргэжилтнүүд “Ногоон технологи” сэдвээр илтгэл тавьж, хийх үйл ажиллагааны талаар санал солилцох юм.

Холбоотой мэдээ