Рашааныг хэрхэн зохистой ашиглаж хамгаалж буйд хяналт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-01 22:18:16

Архангай /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт” аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газар Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг рашаан ашиглагч ААН-үүд, Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашааны орчим үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, Батцэнгэл сумын нутагт орших Их улаан Шивэрт баазад Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Ус ашиглах хэрэглээг тоолууржуулах журам, Рашааныг зохистой ашиглах хамгаалах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт хийжээ.

Хяналт шалгалтын үеэр Усны тухай хуулийн дагуу хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй, хаягдал усны  сорьцыг шинжилгээнд тогтмол хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрснийг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөрчил арилгуулах албан шаардлагыг өгсөн банйа. Цаашид бассейнаас гарч буй хаягдал усыг хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал ус Ерөнхий шаардлага  MNS 4943:2015 стандартад нийцүүлэн цэвэрлэж зайлуулах, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасны дагуу хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авч, ашиглалтын явцад гарах бохир усыг хаягдал усны стандартад нийцүүлэн зайлуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дугаар хамтарсан тушаалын дагуу улирал бүр 2-оос доошгүй хаягдал усны холимог сорьц авч, дүн мэдээг тухай бүр ирүүлэх, ахуйн бохир усны хаягдлыг стандартад нийцүүлэн цэвэрлэх зэрэг шаардлагуудыг мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.

Мөн “Ус дагаж хөгжил-Монгол Улсын усны менежмент”, “Усны экологийн тэнцлийг хангая”, “Их бохирдуулсан нь ихийг төлнө”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр мэдээлэл бэлтгэн олон нийтэд таниулан сурталчлах ажил өрнөж байна. 

Холбоотой мэдээ