Завханмандал сум 100 хүүхдийн цэцэрлэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-04 22:40:32

Завхан/МОНЦАМЭ/.Завханмандал суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

Тус сум шинэ цэцэрлэгийн барилгатай болсноор хүүхдийн цэцэрлэгийг бүрэн тохижуулаад байна. Тухайлбал БСШУЯ-ний хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэгийг гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн хүүхдийн цэцэрлэгийн анги бүлгүүдийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүрэн тохижуулжээ. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр цэцэрлэгийн хүүхдүүдийг биеийн тамирын сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, хөгжим, техник хэрэгсэлтэй болголоо. Түүнчлэн хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангах, өрөө тасалгааг камержуулж цэцэрлэгийн гадна талбайг бүрэн тохижуулсан талаарх мэдээллийг Завханмандал сумын ЗДТГ-аас өглөө.

Жимс жимсгэнийн аж ахуйд 5.6 сая төгрөг зарцуулжээ

Завханмандал сум газар тариалан эрхлэгчдээ дэмжиж энэ жил нийт 10 гаруй иргэн хүнсний ногоо тариалжээ.

Тус сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар жимс жимсгэнийн аж ахуй, хүлэмжийн аж ахуйг дэмжиж нийт 5.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ жил сумын газар тариалан эрхлэгчид өөрийн сумынхаа иргэдийн хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Мөн Ховд аймгийн Булган сумаас алим, жимсний 60 ширхэг хоёр настай суулгацыг авчирч тариалсан нь ургалт сайн байна. Арчилгаа, тордолгоо сайн бол ирэх жилээс жимсээ өгч эхэлнэ. Түүнчлэн Завханы Улаан хальст саримсыг орон нутагтаа нутагшуулан тариалж амжилттай ургац хураан аваад байна. Сумын аюулгүйн нөөцийг жил бүр бүрдүүлж малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлж, өвс хадланг тусгай талбайгаас хураан авч цаг хүндэрсэн нөхцөлд хөдөөгийн багийн малчдад олгож байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. .


Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн хүртээмж сайжирна гэв

Завханмандал сум 2021 онд сум дундын эмнэлгийн амбулаторийн барилгатай болно.

Тус барилгыг улсын төсвийн 2 тэрбум 135 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Манай сумын эмнэлэг нь өөрийн сумын 1500 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна тойргийнхоо дөрвөн сумын иргэдэд хүрч үйлчилдэг. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор хөдөө орон нутгийн иргэдэд стандарт хангасан тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг болно. Өнөөдрийн байдлаар сум дундын эрүүл мэндийн төвөөр өдөртөө 60-70 иргэн үйлчлүүлдэг. Жилдээ 230 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн төвдөө зарим яаралтай шинжилгээг авч, оношилдог болсон. Энэ жил эмнэлэгт шаардлагатай байсан цусны шинжилгээнд ашигладаг центерфуг аппарат, шүдний эмчилгээний зөөврийн аппараттай болсон байгаа. Мөн нярайн шарлалтын эмчилгээг хийх аппарат, шарлалтыг хэмжих билиметрийг 6.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлээн авсан. Энэ жил 39 сая төгрөгийн иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүлээн аваад байна. Хуучин эмнэлгийнхээ суурийг цэвэрлэж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг байгуулаад байгаа гэж сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ