“Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-05 17:19:11

Завхан /МОНЦАМЭ/. Дөрвөлжин суманд Завхан-Буурал ямааны үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах ажлыг хийж 273 мянган цөм сүргийн ямаатай болжээ. Тус аймагт Завхан-Буурал ямааны үүлдэр омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр үржүүлж буй юм.

Өнөөдрийн байдлаар Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Цэцэн-Уул  суманд ийм үүлдрийн 510.000 ямааг ноолуур, махны чиглэлээр үржүүлж байгаа аж. Түүний дотор цөм сүргийн ямаа нь 273.000, цөмийн цөм болсон 94.000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50.000 орчим нь үржлийнх юм байна.  
Сонирхуулахад “Завхан-Буурал” ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, ноолуурын голч 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байдаг. Ноолуурын гарцын хувьд бусад ямаанаас дунджаар 69-110 граммаар илүү юм. Тиймээс энэ үүлдрийн ямааны зөвхөн ноолуураас жилд 3.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг малчид олдог байна. Мөн махны чиглэлийн “Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж. Нийт 10.000 орчим хээлтүүлэгч мал бойжуулснаас 6000-ыг нь 11 аймгийн 60 гаруй сумынхан ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахаар авчээ. Мөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил сайтай, нарийн ноолууртай зэрэг давуу талыг нь харж Кыргыз улс 30 ухна, үржлийн 90 ямаа аваад таваас зургаан жил болж байгаа. Завхан-Буурал үүлдрийн ямааны өсөлт сайн байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ