Бөөрний хүнд өвчтэй иргэдийн аппаратад орох төлбөрийг уян хатан болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-05 17:26:30

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт бөөрний өвчлөлтэй 270 гаруй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 80 гаруй хүн бөөрний өвчнөөр группэд оржээ. Харин хүнд шатандаа орсон 26 иргэн шаардлагатай эмчилгээ, аппаратад орж эмчлүүлж байгаа ажээ. 

Эдгээр иргэд нь 1000 км-ийн алс орших Улаанбаатар хотод зардал өндөр, хугацаа алдаж эмчлүүлдэг байсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэг гемодиализын аппараттай болсноор эдгээр өвчтөнүүддээ шаардлагатай эмчилгээг үзүүлдэг болоод хоёр жил болж байна. Аппараттай болсноор Завханы иргэдэд нутагтаа зардал чирэгдэлгүй эмчилгээ хийлгэх, боломжтой болсон төдийгүй орон нутагтаа бөөрний өвчлөлттэй иргэдийг илрүүлэх, үзлэг оношилгоо эмчилгээг амжилттай хийж байгаа. Гэсэн хэдий ч бөөрний өвчний эцсийн шатанд орсон өвчтөнүүдийн тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа учраас хямд зардлаар эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулж, үйлчилгээний тарифыг буулгах гээд шатлалтай арга хэмжээг явуулж байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Ташрамд бөөрний өвчний хүнд шатандаа орсон өвчтөнүүд нь насан туршдаа байнгын гемодиализын аппаратад орох хэрэгтэй байдаг. Энэхүү аппаратад орох өвчтөнүүд нь нэг удаа ороход 171000 төгрөгийн төлбөртэй ордог бөгөөд энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг байна. 

Холбоотой мэдээ