"Их Монгол Улсын бүрэлдэхүүн хотууд" сэдвээр хэлэлцэнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-05 17:54:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын архитекторуудын холбоо (UIA) өнөөдөр Дэлхийн архитектурын өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн 3.2 сая мэргэжилтнийг төлөөлдөг тус байгууллага энэ жилийн өдрийг "Хотын илүү сайхан ирээдүйн төлөө" уриан дор тэмдэглэж байна. 

Энэ өдрийг тохиолдуулан Монголын Хот байгуулалтын хөгжлийн танхим Монголын шилдэг архитектор, уран бүтээлчдийн "Монголын Архитектур өнөө цагт-2020" үзэсгэлэнг өнөөдөр "Блью Мүүн" төв дэх "Norphei Art gallery"-д нээлээ. Үзэсгэлэнд "Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум олон улсын аялал жуулчлалын цогцолбор"-ын төслийг анх удаа олон нийтэд танилцуулж байна. 


Энэ сарын 7 хүртэл нээх "Монголын Архитектур өнөө цагт-2020" үзэсгэлэнд соёл урлаг, архитектурын бүтээл, орчин үеийн бүтээлүүд, мөн шинэ санаа, шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ. 

Үзэсгэлэнгийн үеэр мөн уран бүтээлчдийн чөлөөт ярилцлага, уулзалт лекц болж байна. Тухайлбал, "Дэлхийн монголчууд" ТББ-ын тэргүүн, доктор, профессор О.Нямдаваа "Их Монгол Улс, түүний бүрэлдэхүүн улсуудын хотууд", хот төлөвлөлтийн мэргэжилтэн Д.Ану-Үжин "Хотжилт ба инновац", мөн хот байгуулалтын мэргэжилтэн Ц.Энхбаяр "Иргэдийн оролцоо-хот байгуулалт" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. 


Ташрамд мэдээлэхэд, 2020 оны шилдэг барилгаар нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн барилга, орон сууцны "Гарден сити" хороолол, "Аса ланд ресорт", мөн "Чариот" хотхон, "Содон" стандарт цогцолбор хороолол тус тус шалгарчээ. Шилдэг барилгуудыг мөн үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байна. 




Холбоотой мэдээ