Завханд аймгийн ИТХ-ын сонгуульд 91 хүн нэр дэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-08 16:25:28

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд буюу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт 41 мандатын төлөө 91 хүн нэр дэвшиж мандатаа авсан байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Үүнээс Монгол Ардын намаас 41 хүн, Ардчилсан намаас 41 хүн, Монгол Ардын хувьсгалт намаас дөрвөн хүн, бие даагч таван хүн тус тус нэр дэвшихээр мандатаа аваад байна. Харин Завхан аймгийн 24 суманд нийт 452 мандатын төлөө 930 хүн өрсөлдөж байна. Тухайлбал Ардчилсан намаас 452, Монгол Ардын намаас 450, Монгол Ардын Хувьсгалт намаас 10, бие даагч 18 хүн өрсөлдөхөөр мандатаа аваад байгаа.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж буй нийт нэр дэвшигчдийн 71 нь эрэгтэй, 20 эмэгтэй нэр дэвшигч байна. Харин 24 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд 663 эрэгтэй, 267 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна. 2020 оны аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн ажилд Завхан аймагт нийт 1083 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс аймгийн Сонгуулийн хороонд 9 хүн, 24 сумын сонгуулийн хороонд 126 төрийн албан хаагч, санал авах байрны зохион байгуулагчаар нийт 834 төрийн албан хаагч, мэдээлэл технологийн багт нийт 144 төрийн албан хаагч ажиллаж байна гэв.

Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр мөрдөх журам гарчээ


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарсан байгаа.

Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах.

Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байгаа. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм. Ингээд иргэн та бүхэн орон нутгийн сонгуульдаа журмын дагуу идэвхтэй оролцож саналаа идэвхтэй өгөхийг хүсэж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос нэмж мэдээлэл өглөө.


Сонгогчид хариуцлага хүлээлгэх онцлог заалтууд бий гэв


Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуулийн үеэр сонгогчдод журмын дагуу сонгуульд оролцох эрх бий. Мөн хариуцлага ч бий гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд: тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх.

Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох. Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах. Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах. Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх. Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах. Дээр дурдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Тиймээс иргэн та сонгуулийн тухай хуулийн дагуу саналаа өгөх үүрэгтэй гэж аймгийн Сонгуулийн хорооноос нэмж санууллаа. 

Холбоотой мэдээ