“Эцэг эхийн зөвлөл”-үүд туршлага солилцов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-09 19:25:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүдийн уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулсан тус үйл ажиллагаа нь албан байгууллагын дэргэдэх эцэг, эхийн зөвлөлийн гишүүдийг идэвхжүүлэх, тэдний хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулахад чиглэдэг аж. Хэлэлцүүлэгт албан байгууллага, аж ахуйн нэгжийн эцэг, эхийн зөвлөлийн төлөөлөл 100 гаруй гишүүн оролцсон бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлд туршлага солилцсон байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс “Гэр бүл, хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”,”Гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс сэргийлэх нь”,”Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” зэрэг сэдвийн дагуу мэдээлэл хийлээ.

Түүнчлэн “Шилдэг эцэг, эхийн зөвлөл” шалгаруулах болзолт уралдааны тухай танилцуулав. Мөн зарим байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс хийсэн ажлаа тайлагнажээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг үүрэг болгосон аж. Энэ хүрээнд Ховд аймгийн албан байгууллагуудын дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа юм.   

Холбоотой мэдээ