Бөөнцагаан нуур талбайн хэмжээгээрээ эхний аравт ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:18:56

Монгол оронд урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог нуур бол Баянхонгор аймгийн Баацагаан сумын газар нутагт урсах Бөөнцагаан нуур юм.

Нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. Бөөнцагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг дэлхийд гайхагдсан ховорхон газар.

Тус нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.Нууруудын хөндий дахь бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй.

Бөөнцагаан нуурын домог

Эрт галавын үед хорон санаат баян ноёны санаархаж байсан үзэсгэлэнт бүсгүй нутгийн ядуу бор залуу хоёр хайр сэтгэлтэй болжээ.

Тэр хоёрыг элдвээр оролдоод ч салгаж чадсангүй. Тиймээс хоёуланг нь хороож, хангайн уулын өвөрт нутаглуулжээ. Гэтэл тэнд нь хоёр сайхан мод ургаж, орой оройгоор нийлж мөчир нь хоорондоо сүлжин найрсан ургасан байна. Өширсөн баян тэр даруй модыг тас хөөрөөдүүлж, шатаагаад үнсийг нь хоорондоо гурван өртөө хол зайтай хоёр ууланд аваачиж булжээ.

Төдөлгүй тэр хоёр цэгээс нэг нэг булаг дэлбэрэн оргилж замын булаг шандтай нийлэн томорсоор гурван өртөөний цаана хоёул хоорондоо уулзан нийлж нэг том гол болон урсч Алтайн нурууны ар хоолойд тогтож, Бөөнцагаан нуурыг үүсгэсэн гэдэг.

Сонирхуулахад, тус нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан хэмээн нэрийдсэн түүхтэй аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ