Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 4.7 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-19 11:16:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 10 дугаар сарын 01-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 525 ажилгүй хүн байгаагийн 51.8 хувь нь буюу 272 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 4.7 хувиар буурсан байгаа юм.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 79 нь дээд, 21 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 412 нь бүрэн болон бүрэн бус дунд, 8 нь бага боловсролтой хүмүүс байна. 9 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 207 хүн шинээр бүртгүүлж, 170 хүн ажилд зуучлуулан орсон байна.       

Оны эхний 9 сард аймгийн дүнгээр 766 ажлын байр шинээр бий болгожээ. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 153, Өндөр-Улаан, Хашаат, Хангай, Хотонт, Тариат, Цэнхэр, Чулуут, Эрдэнэмандал, Цахир, Өлзийт суманд 32-71 ажлын байрыг, Булган, Хайрхан,  Ихтамир, Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант, Цэцэрлэг суманд 1-27 ажлын байр бий болгожээ.   

Холбоотой мэдээ