Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын зөвлөлийн дэд даргаар сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-19 12:07:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын зөвлөл  /ECAPI-Eastern Europe & Central Asia Policy Initiative/-ийн ээлжит хурлаар Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороог дэд даргаар 100 хувийн саналаар сонголоо.

Хороог төлөөлж Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн хүрээнд санхүүгийн хүртээмжийн бодлого стратегид тусгасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа онцлов.

Түүнчлэн, хурлаар дижитал санхүүгийн e-KYC буюу цахимаар хэрэглэгчийг таньж мэдэх, цахим үнэмлэхний зохицуулалтын хүрээ, санхүүгийн шинэчлэл, санхүүгийн эрсдэлээс хамгаалах болон хөгжиж буй, хөгжингүй орны туршлага, арга барилаас хуваалцлаа. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагууд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгардаг бэрхшээл, санхүүгийн боловсролын стратеги, гишүүн орны санхүүгийн боловсролтой холбоотой бодлого, санал, санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр Хорооны Санхүүгийн боловсрол, сургалтын албаны дарга М.Өлзийбат “Монгол Улсын санхүүгийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.  

Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын зөвлөл нь бүс нутгийн хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан. Монгол, Орос, Армени, Таджикстан, Беларусь, Казахстан, Узбекистан зэрэг орны холбогдох 7 байгууллага гишүүн нь юм.   

Холбоотой мэдээ