Д.Ганбат: Халамжаас татгалзаж, иргэдээ хөдөлмөр эрхэлдэг байхад анхаарах хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-19 14:05:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ боловсруулсан тухай тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэв. 


УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Тус намын бүлгийн хуралдаанаар үүнийг он дуустал өгөх нь зүй гэж үзсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Хэрэгцээ нь дуусахаар хүүхдийн мөнгийг олгохгүй байж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа хүүхдийн мөнгийг багасгах болж байна. Бид хүүхдийн мөнгийг бүтэн жилээр нь төсөвт батлаад явах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр Монгол Улсад халамжийн бодлого хэтэрч байна. Янз бүрийн халамжийг нэгтгээд үзвэл нэг өрх дунджаар нэг сая хүртэлх төгрөг авч байгаа юм. Тийм байхад зарим өрхийн хувьд ажил хийх шаардлагагүй болоод байна шүү дээ. Эрүүл мэндийн сайдын ярьснаар, бүхэл бүтэн аймаг, сумын 50-60 хувь нь халамжид хамрагдаж байна гэнэ. Үүнийг бид дүгнэж аль болох халамжаас татгалзаж иргэдээ ажил, хөдөлмөр эрхэлж орлогоо залгуулдаг байх талд анхаарах хэрэгтэй” хэмээв. 


Мөн тэрбээр, 2021 оны төсвийн төсөлд, Музейн болон соёлын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьж буйг эсэргүүцэв. Тодруулбал, Соёлын яам шинээр байгуулагдсан тул ноднин өргөн барьсан дээрх хуулийн төслийг хариуцсан яамаар нь санал, дүгнэлт боловсруулах шаардлагатайг тэмдэглэв. Ингэснээр, цар тахлын улмаас эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед төсвийн зардлыг хэмнэн тэвчих боломжтой гэж үзэж байгаа аж. 


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав. 


-Та бүхэн хүүхдийн мөнгийг ирэх он дуустал олгох саналтай байгаа ч халамжийг танах шаардлагатай гэж байна. Хүүхдийн мөнгө халамж биш үү?


-АН-аас хүүхдийн мөнгийг анх санаачилж байсан. Хүүхдийн мөнгө халамж гэж үзэхгүй байгаа. Уул уурхайн орлогыг хүн бүрт тэгш хуваарилах зарчим гэж үздэг. 


-2021 оны төсвийн төсөлд тэвчиж болох зардлыг та бүхэн юу гэж харж байна вэ?


-Музейн цогцолбор, соёлын байгууламжид 300 тэрбум төгрөгийн төсвийг хойшлуулж тэвчих боломжтой гэж үзэж байна. 

Хүнсний талон бодит амьдрал дээр санал худалдаж авах ажил болсон байна. Мянгат малчин хүртэл хүсний талон авдаг замбараагүй явдал гаарсан. Энэ нь халамжийн бодлого шаардлагатай юу, үгүй юу гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Халамж биш баялаг бүтээдэг иргэн, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй байна. 


-Банкны тухай хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?


-Банкуудын хувьд банкны хуулиар нээлттэй ХК болох тал руу явах юм байна. 2023 оноос энэ хууль батлагдаад 2026 он гэхэд бүх банк нээлттэй, хувьцаа эзэмшигч нь 20 хувиас илүүгүй хувь эзэшдэг байхаар хуулийн төсөл оруулж ирсэн байна. 

Холбоотой мэдээ